Вагоны аж ахуйн албаны ХАБЭА хариуцсан инженер Н.Нарантай ярилцлаа.
-Та ХАБЭА-н инженерээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би сургууль төгссөнөөс хойш УБТЗ-д 23 жил ажиллаж байна. Анх 2003 онд ОХУ-ын Москва хотын Зам харилцааны их сургуулийг Вагоны инженер, механик мэргэжлээр төгсөөд Зорчигчийн вагон депод засварчин, сэв шалгагч, мастераар ажиллаад 2005 онд Вагоны аж ахуйн алба байгуулагдахад ХАБЭА хариуцсан инженерээр томилогдон одоог хүртэл 21 жил ажиллаж байна. Энэ хугацаанд төмөр зам миний амьдралын нэг хэсэг болсон. Эхний жилүүдэд хэцүү, хүндрэл бэрхшээл олон гарсан. Би энэ салбарт юу хийж чадах вэ гэдэг эргэлзээ төрсөн. Гэхдээ яг тэр бодол маань надад энэ мэргэшил, энэ ажлыг хийж чадна гэдэг итгэлийг төрүүлж нэг мэдэхэд л 21 жил өнгөрчээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд би зөвхөн дүрэм, зааврыг судалж, мэдэхээс илүүтэйгээр ажилтны сэтгэлд нь аюулгүй байдлыг үнэт зүйл болгон суулгахыг зорьсон. Хамт ажиллаж буй хүмүүсийн зүрх сэтгэлд аюулгүй байдлын үнэ цэнийг суулгах, хамт олны халуун дулаан, уур амьсгалыг хадгалах нь миний хамгийн чухал зорилго болсон.
-Таны ажилд хамгийн сонирхолтой эсвэл хамгийн хүнд мөч юу байв?
-Аюулгүй байдлын ажилд өдөр бүр шинэ сорилт гарч ирдэг. Бидний хувьд аюулгүй ажиллагаа гэдэг бол зүгээр нэг дүрэм журам биш амьдралын нэг хэсэг, өдөр тутмын үйл ажиллагаа болдог. Жишээ нь, бид ажлын байрандаа жижиг зуршлуудыг бий болгосон. Манай ажилтнууд ажлын хувцсаа бүрэн өмсөөд өөрийгөө толинд харж “аюулгүй юу” гэж өөрөөсөө асуух, туршлагатай ажилтнуудын тэргүүн туршлагыг шинэ залуу ажилтнуудад түгээх, хамтран ажиллагчаа анзаарч, нэг нэгэндээ анхаарал хандуулах зэрэг дадлыг суулгаж ажилладаг. Товчхондоо, бид аюулгүй байдлыг “хариуцлага” биш, “хандлага” болгож чадсан. Энэ бол бидний өдөр бүрийн хамгийн том амжилт. Хамгийн том сорилт бол хүний хандлага гэж би хэлнэ. Хууль, дүрэм журам, заавар УБТЗ-д хангалтай байгаа. Гэхдээ тэр дүрмийг хэрэгжүүлэх, өдөр тутам аюулгүй байдлаа ухамсарлах сэтгэл гэдэг зүйл нь хамгийн хэцүү бий болдог соёл. Заримдаа хүмүүс “энэ ч яах вэ, нэг удаа л шүү дээ” гэж боддог. Гэвч төмөр зам дээр “нэг алдаа - нэг хором - хүний амь”, эсвэл олон хүний аюулгүй байдалд нөлөөлж мэднэ. Тиймээс хамгийн том сорилт нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, “аюулгүй байдал бол миний ажлын нэг хэсэг” гэсэн ухамсрыг төлөвшүүлэх явдал юм. Олон жил энэ салбарт ажиллахдаа би нэг зүйлийг анзаарсан нь, осол хэзээ ч санаандгүй тохиолддоггүй. Ихэнхдээ жижиг анхааралгүй байдал л том осол руу хүргэдэг. Ажлын орчинд үл тохирол удаан хугацаанд байхад хүний нүд дасдаг, тухайн үл тохирлыг сүүлдээ олж харахаа больдог. Жишээлбэл, түр хугацаанд стандарт зөрчих, хамгаалах хэрэгсэл өмсөхгүй байх, эсвэл анхааруулах тэмдэг тавихгүй байх зэрэг жижиг зөрчил цаашдаа том эрсдэл болдог. Мөн ажлын зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байдал үүнд нөлөөлдөг. Ядрах, ажлын дарамт, анхаарал сарних зэрэг хүний хүчин зүйлс ч ослын гол шалтгаан байдаг. Тиймээс бидний хамгийн том зорилго бол техникээ сайжруулахаас илүү хүнээ хамгаалах, анхаарлыг нь төвлөрүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх юм.
-ХАБЭА-н инженерийн хувьд хамгийн чухал чадвар юу вэ?
-Мэдээж мэргэжлийн мэдлэг, мөн стандарт, дүрмийг сайн мэдэх ёстой. Гэхдээ хамгийн гол нь хүмүүстэй зөв харилцаж, тэднийг манлайлах чадвар чухал гэж би боддог. ХАБЭА-н инженер бол зөвхөн шалгагч биш, үлгэрлэгч, хүнд шаардлагаа зөв тавьж чаддаг манлайлагч байх ёстой. Заримдаа ширүүн үг бус харин ойлгомжтой тайлбар, нэг харц хүнийг аюулгүй байдлын талаарх хандлагаа өөрчлөхөд хүргэдэг. Тиймээс энэ ажилд сэтгэл, тэвчээр, манлайлах ур чадвар, хүнтэй ажиллах ухаан хамгийн чухал. ХАБЭА-г соёл болгоно гэдэг нь дүрмийг цээжлүүлэх бус, харин үнэт зүйл болгох юм. Хамгийн үр дүнтэй уриа бол “Аюулгүй ажиллагаа аз жаргалын баталгаа”. Энэ үг энгийн атлаа гүн утгатай. Учир нь аюулгүй орчинд ажиллаж, амар тайван гэртээ харих боломж л хүний жинхэнэ аз жаргалын үндэс байдаг. Хэрвээ хүн ажилдаа мэргэжлийн бахархалтай, ухамсартайгаар хандвал тэр хэзээ ч аюулгүй байдлаа орхихгүй. Тиймээс бид ХАБЭА-г уриагаар бус, харин өдөр бүрийн үлгэрлэл, бодит жишээ, урамшууллаар байгууллагын соёл болгож төлөвшүүлэх ёстой. Мөн удирдлагын оролцоо, дэмжлэг нь ХАБЭА-г амьд байлгах гол түлхүүр юм. Удирдлага өөрөө аюулгүй ажиллагаанд үлгэрлэж, хамгаалах хэрэгслээ хэрэглээд, ажилчдын санаа бодлыг сонсдог бол бүх хамт олон тэр жишээг дагадаг. Харин удирдлага “зүгээр гарын үсэг зур” гэж хандвал, ХАБЭА цаасан дээр л үлдэнэ. Тиймээс манай салбарт удирдлагын хамгийн чухал үүрэг бол бодитоор оролцох, анхаарал хандуулах, урам зориг өгөх, хариуцлагаа хамт үүрэх юм. Учир нь ХАБЭА бол зөвхөн инженерийн биш удирдлага, хамт олны, хүн нэг бүрийн хариуцлага.
-Төмөр замын салбарт аюулгүй ажиллагааны онцлог юу вэ?
-Төмөр зам бол тасралтгүй хөдөлгөөн, өндөр хариуцлага шаарддаг салбар. Бусад салбарт ажил түр зогсож болдог бол төмөр замд бүх зүйл цаг хугацаа, нарийн зохицуулалттай явагддаг. Нэг хүн анхаарал алдвал зөвхөн өөрт нь биш, бүх галт тэрэг, бүх чиглэлд нөлөөлдөг. Тиймээс төмөр замын аюулгүй ажиллагаа нь зөвхөн нэг хүний үүрэг биш бүхэл системийн хариуцлага шүү дээ. Манай салбарт жижиг алдаа гэж байдаггүй. Тиймээс дүрмээ ягштал мөрдөх, мэдээллээ цаг алдалгүй дамжуулах, багийн уялдаа холбоогоо сайн байлгах нь чухал. Төмөр замд улирал бүр өөрийн онцлогтой. Өвөл хүйтэн, мөстсөн орчинд гулгах, хальтрах, осолдох эрсдэл нэмэгддэг. Тоног төхөөрөмжийн эвдрэл, хөлдөлт ч гардаг. Харин зуны халуунд ажилчид ядарч, шингэний дутагдал, анхаарал сарних зэрэг эрсдэл бий болдог. Тиймээс улирал бүрт тохирсон урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, зааварчилгаа, хамгаалах хэрэгслийн тохиргоо, амралтын горимыг заавал анхаарах ёстой. Гэвч хүйтэн, халуун улиралд ялгаа байгаа ч нэг нийтлэг зүйл бий нь ХАБЭА-г өдөр бүр хэрэгжүүлэх соёл, ухамсар, тогтмол хандлага байх ёстой. Аюулгүй байдлыг улирлаар биш өдөр тутмаар хэмжих нь хамгийн зөв хандлага юм.
-Энэ салбарт орж ирэх залууст юу гэж зөвлөх вэ?
-ХАБЭА хариуцлагатай ажил. Залуус энэ мэргэжлийг “Зааварчилгаа, дүрэм, шалгалт юм байна” гэж төсөөлдөг. Гэхдээ үнэндээ хамгийн хүнлэг, хамгийн үнэ цэнэтэй, хүний төлөө ажил юм. Чи ХАБЭА-г зөвхөн ажлын байрны шаардлага гэж биш хүний амийг хамгаалж байгаа үйлс гэж ойлговол огт өөр утгатай болно. ХАБЭА-н инженер өдөр бүр олон зуун хүний амьдралыг аюулгүй байлгах үүрэгтэй. Энэ бол том нэр хүнд, бас том хариуцлага. Тиймээс залуустаа би дараах гурван зүйлийг зөвлөдөг. Нэгдүгээрт, мэдлэгээ тогтмол шинэчил. ХАБЭА бол байнга өөрчлөгддөг, технологийн хурдаар хөгждөг салбар. Хоёрдугаарт, хариуцлагаа дээдэл. Энэ салбарт жижиг алдаа гэж байхгүй. Гуравдугаарт, хүнлэг бай. Хүмүүсийг ойлгож, итгэл төрүүлж чаддаг хүн л жинхэнэ сайн инженер болдог. Энэ гурвыг хослуулж чадвал залуучууд туршлагатай, хүнд итгэл төрүүлсэн мэргэжилтэн болж чадна.
-“Аюулгүй ажиллах соёл” ыг нийгэмлэгийн хэмжээнд түгээхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-“Аюулгүй ажиллах соёл” гэдэг нь зөвхөн байгууллагын дотор яригдах ойлголт биш, харин нийгмийн үнэт зүйл байх ёстой. Үүнийг түгээхийн тулд бид хамгийн түрүүнд хүмүүст аюулгүй байдлыг “айдас” биш, “халамж” гэж ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүддээ, гэр бүлдээ, хамт олондоо “аюулгүй байя” гэж хэлэх нь анхааруулга бус хайр, халамжийн илэрхийлэл байх ёстой. Хоёрдугаарт, мэдээллийг илүү хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх нь чухал. Заримдаа албан үг, дүрэм бус харин нэг сайн жишээ, бодит түүх л хүмүүсийн хандлагыг өөрчилдөг. Гуравдугаарт, байгууллагууд ажилтнууддаа зориулсан арга хэмжээ, олон нийтийг хамарсан сургалт, уралдаан, аян зохион байгуулж үргэлж сэргээж байх хэрэгтэй. Аюулгүй байдлыг ажил дээрээ биш амьдралын нэг хэсэг болгож чадвал нийгэмлэгийн аюулгүй байдлын соёлын түвшин өөрөө өснө.
-Баярлалаа, танд ажлын өндөр амжилт хүсье.
В.САРАНГУА
