Нүүр Сурвалжилга Чин сэтгэл байхад боломж үргэлж олддог
Сурвалжилга

Чин сэтгэл байхад боломж үргэлж олддог

G.Press 21 цагийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Дэгдээхэй” 24 цагийн цэцэрлэгийн эрхлэгч Н.Сэржмядаг 1971 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр айлын тав дахь охин. Аавын хайр, ээжийн энэрэл дунд эрх танхи өссөн охин хожим нь багш хэмээх хамгийн нандин нэрийг зүүх хувьтай байсныг хэн ч мэдээгүй биз ээ. Наймдугаар ангиа төгсөөд, үеийнхэн нь өөр өөрийн зам мөрөө хөөх мөчид Н.Сэржмядаг хүүхдийн инээд бялхсан ертөнцийг сонгосон. Цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж, төгссөн өдрөөсөө эхлэн бяцхан үрсийн төлөө амьдралаа зориулжээ. Энгийн мэт боловч амьдралын үнэ цэнтэй дурсамжууд эндээс эхлэлтэй. Төгсөөд нийслэлийн СХД-ийн нэгэн цэцэрлэгт тав орчим жил ажиллахдаа бяцхан жаалуудын “Багшаа” гэх анхны дуудлагыг сонссон. Төмөр замын орчинд өсөж хүмүүжсэн хүн эцэстээ эргээд тэр л хамт олондоо багш болж очсон нь хувь тавилан мэт. Ээжийнх нь “Очоод уулзчих” гэж хэлсэн мөч амьдралынх нь эргэлт болж, 1996 оны нэгдүгээр сарын 19-нд төмөр замын дөрөвдүгээр цэцэрлэгийн босгыг алхсанаар түүний амьдралын шинэ хуудас эхлэв. Амьдрал дандаа дардан байсангүй. Боловсон хүчин Содномбалжид дуудаж, “Нэгдүгээр цэцэрлэгт очиж ажилла” хэмээн тушаажээ. Хоёр жилийн дараа цомхотгол явагдахад Н.Сэржмядаг вагоны үйлчлэгч болохоор шийдэж, эмнэлгийн шинжилгээнд орсон ч “Нүдний хараагаар тэнцэхгүй” гэсэн хариу тэрхүү шийдвэрийг нь зогсоосон гэдэг. “Өөрийн үндсэн ажлаа хий. Чи өсөх ирээдүйтэй хүн” хэмээн хэлсэн удирдлагын үг түүнд дахин итгэл өгсөн байна. Ингээд Сэржмядаг түр хугацаанд гал тогоонд сав угаагчаар хүртэл ажиллажээ. Гэвч хүн хөдөлмөрөөсөө хэзээ ч ичдэггүй. Ялангуяа хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүнд бүр ч илүү. Удалгүй багшийн орон тоо гарав. “Дэгдээхэй” цэцэрлэгт 18 жил ажиллахдаа олон хүүхдийн дурсамж, олон гэр бүлийн итгэл, шав, нарынхаа ирээдүйн нэг хэсэг болж чаджээ. Н.Сэржмядаг, “Багаасаа дуу, бүжиг, хөгжимд их дуртай хүүхэд байсан маань цэцэрлэгийн багш болоход нөлөөлсөн байх. Цэцэрлэгийн багшийн сургуульд сурч байхдаа бид мандолин хөгжим тоглож сурсан. Хөгжмийн ямар ч мэдлэггүй хүүхдүүд багш нарынхаа зааснаар нот сурч, мандолинаа даавуунд ороож тэврээд хичээлдээ явдаг байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Би мандолиндаа их хайртай. Сүүлд цэцэрлэгийнхээ 60 жилийн ойгоор өөрсдөө мандолин хөгжим худалдаж аваад тоглож байлаа. Урлагийн тоглолт, бүжиг, арга хэмжээ болгонд идэвхтэй оролцож ирсэн минь миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг. Манай цэцэрлэгийн 40 жилийн ойд би залуу багшийн хувиар бүжиглэж оролцсон. Харин 60 жилийн ойд зохион байгуулалтын ажилд оролцон, хамт олонтойгоо дахин тайзан дээр гарсан. Одоо гэтэл 70 жилийн ойн бэлтгэл ажилдаа хэдийнэ орчихсон явна. Олон жилийн хөдөлмөр, хамт олонтойгоо өнгөрүүлсэн дурсамжууд миний амьдралын хамгийн үнэтэй хэсэг болж үлджээ. Надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан Д.Сайнзаяа, Д.Оюунчимэг, Батжаргал, Г.Ганцэцэг гээд олон сайхан хүмүүсийн нөхөрлөл, хамтын хөдөлмөр энэ байгууллагын түүхтэй салшгүй холбоотой. Эргээд бодоход би зөвхөн цэцэрлэгийн багш байгаагүй юм байна. Харин төмөр замынхаа нэгэн үеийн түүхийг хамт бүтээлцсэн азтай хүн байжээ” хэмээн дурсав. Өнөөдөр ч хүүхдийн дуу цангинасан цэцэрлэгтээ багш нарынхаа түшиг нь болж, олон хүүхдийн ирээдүйд гэрэл асаасаар явна. Н.Сэржмядаг сургуулийн өмнөх боловсролын удирдлагын чиглэлээр магистр хамгаалж, арга зүйч, багшаар олон жил ажилласан байна. МУБИС-ийн багш нарын удирдлага дор магистрын ажлаа хамгаалсан. Боловсролын салбарт зүтгэсэн он жилүүд нь түүнд олон шагнал, урамшуулал авчирчээ. “Багшийн алдар”, “Арга зүйч”, “Боловсролын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм цолыг хүртжээ. Харин төмөр замын салбартай амьдралаа холбосон он жилүүд ч түүнд бас нэгэн бахархлыг өгсөн. 2016 онд “Тэргүүний төмөр замчин” тэмдэг хүртсэн нь түүний хувьд зөвхөн шагнал биш, харин амьдралынх нь нэгэн том баталгаа болов. Түүний ярианы хамгийн дулаан хэсэг нь гэр бүл байлаа. Ээжтэйгээ хамт амьдарч буй тухайгаа ярихдаа хоолой нь зөөлөрнө. “Ээжтэй хүн баян” гэдэг үгийг тэр одоо л жинхэнэ утгаар нь ойлгож байгаагаа хэлнэ. Өмнө нь залуу нас, ажил амьдралын завгүй хэмнэл дунд ижийгээсээ тусдаа амьдарч явсан ч, ээжийнх нь нас ахиж, эрүүл мэнд доройтох үед хамтдаа амьдрах шийдвэр гаргасан нь түүний амьдралын хамгийн зөв сонголтын нэг болжээ. “Анх жаахан хэцүү санагддаг байсан ч эсрэгээрээ, нэг өдөр ч гэсэн хажууд нь байхгүй бол санаа зовоод байдаг болсон” хэмээн тэр инээмсэглэн өгүүлнэ. Ээж нь заримдаа хүүхэд шиг аашилж, зэмлэх нь хүртэл түүнд хайр болж мэдрэгддэг болсон гэнэ. Ажлаа тараад гэртээ ирэх бүрдээ ээжийнхээ яриаг сонсож, хамт суух мөчүүд түүнд хамгийн сайхан тайвшралыг өгдөг. Амьдралын жилүүдийг ажил мэргэжил, тэмцэл дунд өнгөрүүлсэн ч, одоо тэр нэг зүйлийг хамгийн тод ойлгожээ. Цаг хугацааны үнэт зүйл ажил мэргэжлийн амжилтаас ч илүү гэр бүлийн халуун дулаан, ээжийнхээ дэргэд өнгөрөөх мөч бүр юм байна  гэдгийг мэдэрчээ. Төмөр зам шиг урт түүний амьдрал ч тасралтгүй үргэлжилж байна. Гэхдээ тэр замын хамгийн дулаан буудал нь гэр, ээжийн инээмсэглэл хоёр ажээ. Сэржмядагийн олон жилийн үнэнч хөдөлмөр, тууштай байдлыг нь үнэлж 2015 оны нэгдүгээр сарын 7-нд ”Дэгдээхэй” цэцэрлэгийн эрхлэгчээр томилов. 24-ийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажил өглөөний 06:50 эхэлнэ. Хот бүрэн сэрээгүй байхад түүний нэг өдөр эхэлдэг. Эрхлэгчийн хувьд өдөр бүрийг яг цагийн хуваарьтай, дадал болсон хэмнэлээр эхлүүлнэ. Ажил эхэлмэгц анги, бүлгүүдээрээ орж, хүүхдүүдийн ирц, өдрийн төлөвлөгөө, багш нарын мэдээг нэг бүрчлэн сонсоно. Ажлын ширээний ард суун өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлж, цэцэрлэгийн амьдралын бүх урсгалыг зохицуулна. Н.Сэржмядаг энэ цэцэрлэгийг удирдаад арван жил болж буй. Энэ хугацаанд хамт олон нь багагүй амжилтад хүрчээ. Сургалт, урлаг, спортын олон уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, амжилт гаргасаар ирсэн байна. 2025 онд “Хүүхдийн секторын хэмжээнд шилдэг нийгмийн асуудлыг дэмжигч байгууллага” аар шалгарчээ. Хамгийн чухал нь хүүхдүүдийг сургуульд бэлтгэх ажилд онцгой анхаарч ирсэн бөгөөд төгсөгч хүүхдүүд нь амжилттай суралцах суурь чадвартайгаар цааш явж байгаа нь тэдний ажлын гол үр дүн юм. 1957 онд баригдсан хуучин барилгатай энэ цэцэрлэгийг тогтмол засвар, арчилгаагаар өнөөдрийн түвшинд авч иржээ. Жил бүрийн хавар хамт олноороо цэцэрлэгийнхээ өнгө төрхийг засаж, шинэ хичээлийн жил эхлэхэд бэлэн болгодог. Гадна фасад, хашаа, тоглоомын талбай зэрэгт үе шаттайгаар засвар хийж, хуучин модон болон төмөр тоглоомуудыг шинэчилснээр хүүхдийн аюулгүй, орчин үеийн орчныг бүрдүүлсэн байна. Дүүрэг болон холбогдох байгууллагуудын дэмжлэгээр орчны тохижилт, зам талбай, тоглоомын талбай зэрэгт бодит өөрчлөлтүүд гарч, цэцэрлэгийн орчин илүү цэгцтэй, тохилог болгожээ. Энэ цэцэрлэгийн нэг онцлог нь эцэг эхийн идэвхтэй оролцоо. Хүүхдүүдээ даатгаад ирдэг эцэг эхчүүд зөвхөн ажиглагч биш, харин хамтран бүтээгчид байдаг. Зарим нь гал тогооны тоног төхөөрөмж, зарим нь тоглоом, хивс, агаар цэвэршүүлэгч хүртэл хандивлан, хамтдаа орчноо сайжруулдаг аж. “Манай цэцэрлэгт хамгийн их хэрэгтэй зүйл нь тоглоом” гэж тэр инээмсэглэн хэлнэ. Хүүхдүүдийн инээд, тоглоомын орчин нь энэ байгууллагын зүрх нь юм. Тэрбээр цэцэрлэгийг “бурхад чуулсан өргөө” хэмээн тодорхойлдог. Хүүхдийн инээд, багш нарын харилцаа, өдөр тутмын эерэг уур амьсгал нь түүнийг болон хамт олныг байнга цэнэглэдэг. “Манайхан стресстдэггүй, тиймээс ч өвчлөл багатай байдаг” гэж тэр хэлж, үүнийгээ хүүхдийн эерэг энерги, ажлын тайван уур амьсгалтай холбон тайлбарлана. Олон жилийн турш төмөр замын харьяа байгууллагад ажилласан Н.Сэржмядаг өөрийн байр сууриа тодорхой илэрхийлдэг. Төмөр замд ажилласан хүмүүсийн хувьд боловсролын салбар зөвхөн ажил биш, харин амьдралын нэг хэсэг гэдгийг онцолно. “Бид төмөр замдаа л хүчин зүтгэж, эндээ харьяалагдах сонирхолтой байдаг” хэмээн өгүүлнэ. Учир нь олон жилийн хөдөлмөр, хамт олон, дурсамж бүхэн тэнд шингэсэн байдаг. Н.Сэржмядаг амьдралаа эргэн хараад өөрийгөө “Маш баян хүн” гэж тодорхойлов. Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн он жилүүд, хань ижил, хоёр хүү, ач охид, мөн олон зуун хүүхдийн багш болсон замнал нь аргагүй түүний баялаг юм. Ялангуяа, ач охидоо өөрийн цэцэрлэгт өсөж, хүмүүжиж байгааг харах нь түүнд бахархал, аз жаргал авчирдаг. Энэ бүсгүйн амьдрал санамсаргүй сонголт бус, харин хөдөлмөр, тэвчээр, хайр дээр тогтсон урт замнал ажээ. “Хүн чин сэтгэлтэй байвал боломж үргэлж олддог”. Энэ бол түүний амьдралын хамгийн тод сургамж билээ.

 

П.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.