УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн талбайн үйлчлэгч Цэндхүүгийн Эрдэнэбаатар "Миний мэргэжил" буланд өөрийн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр, тус депод нийт 31 жил, долоон сар ажиллахдаа зорчигчийн вагоныг ус, нүүрсээр зэхэгч, явах ангийн засварчин, халаалтын засварчин, талбайн үйлчлэгч зэрэг ажлыг хийжээ.
-Та ажилдаа хэдэн цагт ирдэг вэ?
-Өглөө 06.30 гээд ирдэг.
-Та өдөр тутам хийдэг ажлаа танилцуулна уу?
-Депогийн хашаа 42 мянган ам.метр талбайтай. Энэ хашааг өмнө нь гурван талбайн үйлчлэгч цэвэрлэдэг байсан. Одоо хоёр үйлчлэгч цэвэрлэдэг. Нэг үйлчлэгч маань ээлжийн амралтаа авсан болохоор би ганцаараа ажиллаж байна.
-Өдөрт энэ том хашааг ганцаараа цэвэрлэж барах уу?
-Барахгүй. Тийм болохоор замаа дагаад өдөр өдрөөр ажлаа хуваарилаад цэвэрлэж байгаа. Өнөөдрийн миний цэвэрлэсэн хэсгийг хар даа /Цэвэрлэсэн зам руугаа дагуулж очив/ Ширхэг ч тамхины ишгүй, бүртийх ч хоггүй байгаа биз. Том чулууг нь хүртэл түүж авдаг юм. Цэвэрлэсэн газраа эргээд харахад сэтгэл өег шүү.
-Та өдөрт хэдэн ам метр талбай цэвэрлэж, түрдэг тэргээрээ хэдэн удаа хог зөөж хогийн саванд хийдэг вэ?
-Тоолж байгаагүй ээ.
-Энэ том хашааг ганцаараа цэвэрлэх хүнд байна уу?
-Гайгүй дээ. 2012 оноос хойш талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Өвөл ажил жаахан хүнд. Вагоноос үнс их гардаг. Хавар, намар салхитай үед хашаа давж хог их хийсэж орж ирдэг. Цэвэрлээд харахад хог хийсээд ороод ирчихсэн байх нь бий. Зуны улиралд л ажил харьцангуй гайгүй.
-Таны ажлын сайхан нь юу вэ?
-“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг шүү дээ. Депогийн хашаагаар ороод ирэхэд цэвэр цэмцгэр байх ёстой гэж боддог. Би багаасаа оросууд дунд өссөн. Тэдний цэвэрч нямбай чанараас нь суралцсан. Хүмүүсийн ажиллах орчин цэвэрхэн байвал хүмүүс сэтгэл өөдрөг ажлаа хийнэ.
-Та төмөр замын тосгонд өссөн үү?
-Тиймээ, миний аав нарийн төмөр замаас эхлэн төмөр замд 50 гаруй жил ажилласан хүн. Аав минь вагон үзэгч, галт тэрэгний дарга зэрэг ажлыг хийж байлаа. Халхголын дайнд хүртэл оролцож явсан ахмад дайчин хүн байсан.
-Таны ажлыг хамт олон тань хэр ойлгодог вэ?
-Ойлгодог. Ер нь, хогоо ил задгай хаядаг хүн ховор. Би тэдэнд хог хаяхдаа уут савных нь амыг нь сайн уяж, задгай хог битгий хаяарай гэж хэлдэг.
-Танай депогийнхон хог хаягдлаа ангилан ялгадаг уу?
-Ялгадаг. Ундаа усны хуванцар савнуудыг тусад нь ялгадаг савтай болсон. Манайхан ялгаж хийгээд хэвшсэн.
-Ажлаа танилцуулсан танд баярлалаа.
Б.ГҮНЖИНЛХАМ
