УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Бамбарууш” цэцэрлэгийн эрхлэгч, Соёлын тэргүүний ажилтан Жавын Амгалантуулыг зочноор урилаа. Ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулдаг түүн шиг хүн энэ цаг үед тун ховорхон таарсан даа.
-Таныг удам дамжсан төмөр замчин гэж сонссон?
-Тиймээ, би төмөр замын эмнэлгийн төрөх тасагт эхээс мэндэлсэн ёстой төмөр замын унаган хүүхэд. Аав минь Улаанбаатар Зүтгүүрийн депод машинчаар, ээж минь СУ-1 ангид (Барилга орон сууцны анги) шаварчин-будагчнаар насаараа ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарцгаасан. Бид эцэг эхээс наймуулаа. Бидний долоо нь төмөр замчин болсон. Хүүхдийн секторт дөрөв нь ажиллаж байлаа. Дарханы “Улиасхан” цэцэрлэгт эгч Ж.Оюун насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Мөн Ж.Оюунцэцэг дүү минь Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн онд тэтгэвэрт гарсан. Дүү нараас Ж.Амгалантуяа маань “Найрамдал” цэцэрлэгт багш, бага дүү минь “Бамбарууш” цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Миний ах Ж.Батмөнх Улаанбаатар зүтгүүрийн депогийн Бага засварын цехэд засварчин, мастераар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Ах маань ажлынхаа хажуугаар хөл бөмбөг тоглодог, олон улсын спортын мастер зэрэгтэй хүн байсан. 2016 онд тэтгэвэрт гараад удаагүй бурхан болсон. Мөн депод Бага засварын цехэд ажиллаж байсан эрэгтэй дүү минь залуугаараа бурхан болсон. Хань маань Цагдаагийн Ерөнхий газрын тусгай тасагт ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа сольж, манай цэцэрлэгт сахиулаар долоон жил ажилласан. Манай гэр бүлийнхний ажил амьдрал төмөр замтай салшгүй холбоотой. Төмөр замынхаа буянаар манай гэр бүлийнхэн бүгд сайн сайхан л амьдарцгааж байна. Нэг ах минь л насаараа автобус баазад ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би төмөр замчин гэр бүлийнхээ түүхээр бахархаж явдаг.
-Таны хүүхэд насны гэгээхэн дурсамжууд энэ тосгоны гудамж, байшин барилга бүгдэд бий байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Намайг багад манайх төмөр замын есөн шарын 30 дугаар байранд байсан. Би чинь “Ган зам” цэцэрлэгийнхээ жинхэнэ авьяаслаг хүүхэд нь байлаа. Тэр үед Монгол Улсын гавьяат багш Л.Цолмон дарга маань цэцэрлэгийн дуу хөгжмийн багш байсан. Гэхдээ 2-3 цэцэрлэгийн дунд явдаг багш байсан санагддаг. Би урлаг уран сайханд цойлдог байсан болохоор Л.Цолмон багш маань намайг авч яваад Монголын радиогийн нэвтрүүлэгт оруулж байсан.
...Пусть бегут неуклюже
Пешеходы по лужам,
А вода по асфальту рекой.
И неясно прохожим
В этот день непогожий,
Почему я веселый такой?... гээд л дуулж, радиод бичүүлсэн.
Шугамын радиотой айлуудын онгорхой цонхоор дуу минь цангинаж л байх. Тухайн үед шугамын радиотой айл ч цөөн байлаа. Зарим айлд нь орж, дуугаа сонсоод л...
Тэр хавийнхан намайг радиогоор дуулдаг, авьяастай, хөөрхөн охин гээд л ярихаар нь хүүхэд л юм хойно хөөрөөд жигтэйхэн. Багаасаа л урлагийн хүн болно гэж мөрөөдөж өссөн. Хүүхэд насны дурсамж бол кино шиг л хөвөрнө дөө.
-Та тэгээд яагаад урлагийн хүн болоогүй юм бэ. Хэдэн жилийн өмнө Хүүхдийн секторын хэмжээнд зохиогдсон урлагийн үзлэг “Ган зам” паласт болоход та цэцэрлэгийнхээ багш нартай тайзан дээр бут авч байсан. Тэгэхэд би таныг дуучин баймаар хүн юм даа гэж бодож байсан?
-Уг нь, би 51 дүгээр сургуулийг төгсөөд эстрадын “Цирк” хамтлагт дуучнаар орсон. “Харанга” хамтлагийн Энхманлай ах манай хамтлагийн ахлагч байсан юм. Тэр хамтлагт гурван жил дуулсаан. Бид голдуу итали дуу дуулдаг байсан. Тэр үедээ манай хамтлаг нэлээд нэрд гарч байлаа.
Гэвч гэр бүлийн маань хүн урлаг ойлгохгүй болохоор урлагаа хөөх үү, гэр бүлээ авч үлдэх үү гэдэг сонголтыг хийхээс аргагүй болсон. Б.Сарантуяа, Т.Ариунаа бид чинь нэг үеийн дуучид шүү дээ. Намайг мэддэг хүмүүс, ангийнхан маань дуучнаа хийгээд явсан бол өдийд чи гавьяат болчихсон байгаа гэдэг юм. Даанч нөхөр маань их дургүйцдэг байлаа. Хоёр ч хүүхэдтэй болчихсон болохоор гэр бүлээ сонгосон. Тэгээд төмөр замд Хүүхдийн секторт намайг нөхөр маань оруулсан.
-Дуучин хүн тайзнаас буугаад багш болно гэхэд танд хэцүү байсан уу?
-Багш байтугай бүр цэцэрлэгийн манаач болсон гээд бод.../инээв/
-Юу... Арай үгүй байлгүй дээ?
-Эхлээд би “Найрамдал” цэцэрлэгт дуу хөгжмийн багш боллоо. Тэр үед УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан бас дуу хөгжмийн багш байсан. Бид хоёр хамт ажилладаг байлаа. Ингээд “Найрамдал”-д нэг жил ажиллаад байтал УС-15-д манаачийн ажил байна. Гол нь орон сууцтай гэхээр нь тийшээ шилжсэн. Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ орон байр болохоор цэцэрлэгийн манаачийн ажлыг хоёр жил хийсэн дээ. Амьдралын төлөө өөрийн хүсэл мөрөөдлөө хаясан хэрэг. Тэгтэл Л.Цолмон дарга “Энэ хүнийг энд ингэж зэврээж болохгүй ээ” гээд “Бамбарууш” цэцэрлэгтээ дуу хөгжмийн багш болгосон. Багшлахын тулд эхлээд курсэд сурсан. Дараа нь Цэцэрлэгийн багшийн сургуульд сурч мэргэжил эзэмшсэн. Дараа нь, Удирдлагын академийг боловсролын удирдлагын менежерээр төгссөн.
Хааяа “Би яг Л.Халтар дарга шигээ замналаар ажлыг багаас нь хийж эхэлсэн...” гээд л ажилчдадаа ярьдаг юм. Л.Халтар дарга талбайн цэвэрлэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг шүү дээ /инээв/.
-Амьдрал баян юм даа. Таныг жаахан байхад радиод дууг чинь бичүүлэх гээд хөтлөөд явж байсан багш тань ахиад л амьдралд чиглүүлж дээ?
-Тэгсэн шүү. УБТЗ-д би 35 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд багшийн ажил мэргэжилдээ дурласан. Цэцэрлэгийн эрхлэгчээр 20 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд бодохоор би их тууштай хүн юм. Би ханьтайгаа он удаан жил амьдарлаа.
Мобиком анх орж ирэхэд авсан утасны дугаараа одоог хүртэл сольсонгүй. Найзуудаа солиогүй. УС-15-аасаа нүүсэнгүй. Би ажилчдадаа “Хүний үнэнч тууштай зан чанар заавал амжилтад хүргэдэг. Аливаад тууштай бай” гэж захьдаг.
-Нэрнээсээ эхлээд өхөөрдмөөр энэ цэцэрлэгт та хамаг л сэтгэл зүрхээ зориулдаг тань Замын даргын үзлэг бүрээр харагддаг. Үзлэгийн комиссынхон танай хамт олны хийж бүтээж, засаж тохижуулсныг зарим байгууллагад жишээ болгож, “Бамбарууш” цэцэрлэгийг очиж хар гэхийг сонсож л явлаа.
-Би багадаа юу хүсэж мөрөөддөг байснаа одоо ч санадаг. Маш их зүйлийг ургуулан боддог, төсөөлдөг байж. Яг түүн шигээ хүүхдийн ертөнцийг бүтээвэл гоё гэдгийг мэргэжлийн багш болохоосоо өмнө олоод харчихсан. Жишээ нь, буйдан нь хүүхэд суухад л зориулсан. Сэдэвт тоглоом нь бүгд бодит байдаг бол гоё гэж бодсон. Цэцэрлэгийн бүх зүйл хүүхэд барьж, сууж, тэвэрч тоглоход зориулагдсан байх ёстой гэж зорьсон. Хүүхэд насныхаа төсөөллөөр ангиа тохижуулж байсан. Дээрээс нь эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангасан байх ёстой. Манайх “Соёлч бүлэг” зэрэг бүх л шагналыг авч байлаа даа.
Өмнөх Замын ерөнхий инженер Старцев манай цэцэрлэгт хоёр ч удаа ирсэн. Ийм олон жилийн насжилттай байшинтай цэцэрлэгийг ингэж авч яваад баярлалаа гэж хэлээд намайг шагнаж байсан. Манай цэцэрлэг анх орос цэцэрлэг байсан юм билээ. 1990-ээд онд оросууд нутаг буцахад би очиж хүлээж авч байсан. Тоглоом нь хүртэл хүүхдүүд тоглож байгаад орхисон янзаараа байж билээ. Тэр тоглоомуудыг маш удаан хадгалсан. Гэхдээ одоо цаг үетэй нь хөл нийлүүлэх ёстой юм байна гээд бүх тоглоомоо шинэчилсэн.
-Таныг ээмэг бөгжөө ломбардад тавиад цэцэрлэгтээ засвар хийсэн гэж сонссон. Үнэн үү?
-..../инээгээд/ Үнээн. Одоо ч авч чадаагүй. Хүүг нь төлөөд, охиндоо зэмлүүлээд явж байна.
-Тан шиг ийм хүн өөр байхгүй байхаа?
-Эхлээд хавар үүдний коридортоо засвар хийсэн юм. Л.Янжмаа дарга тэр засварын мөнгийг гаргаж өгсөн л дөө. Дараа нь дөрвөн ангидаа засвар хийсэн чинь мөнгө дутаад... Тэгэхээр нь бас дахиж тавиад засвараа дуусгасан. Болох байхаа. Хүүхдийн буян байна даа. Бүх насаараа энэ цэцэрлэгт ажиллаж, амьдралаа залгууллаа шүү дээ.
-Танай цэцэрлэгийн багш ажилчид өөрсдөө л засвараа хийчихсэн байдаг. Гайхалтай баг хамт олон юм аа?
-Тийм шүү. Би хамт олноороо үнэхээр бахархдаг. Дээр нь манай эцэг эхчүүд биднийг маш их дэмжиж тусалдаг. Би өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэртээ гарсан. Гэтэл манай ажилчид Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдод өргөдөл бичиж өгөөд намайг буцаагаад ажилд минь оруулчихсан. Ирэх оны тавдугаар сард манай цэцэрлэгийн 70 жилийн ой болох юм. Ажилчид маань та цэцэрлэгийнхээ 70 жилийн түүхийн тэн хагасыг нь бичилцчихээд ойгоо хийчихээд тэтгэвэртээ гар гээд болдоггүй.
-Таныг ажилдаа бүхнээ зориулдгийг гэрийнхэн тань ойлгож дэмждэг болохоор та ийм шийдвэрүүдийг гаргадаг байх?
-Хань минь 11 жилийн өмнө хүнд өвчний улмаас бурхан болсон. Хоёр охин минь ээжийгээ ойлгодог. Ганц хүүгээ коронагийн үеэр алдсан. Аавыгаа алдаад, арван жилийн дараа ээж, эрэгтэй дүү хоёроо зэрэг алдаж байлаа. Дараа жил нь 2014 онд ханиа алдсан. Би амьдралын хатуу хөтүү, хагацал зовлонг их туулсан даа. Хүн зовлонг даадаг юм билээ. Нулимс их ойрхон болчихдог юм байна.
-Таны түүхийг сонсоод яаж ийж байгаад хүсэл мөрөөдлөө дагасан бол гэж бодогдож байна. Тэгсэн хэрнээ тангүйгээр энэ цэцэрлэгийг төсөөлж чаддаггүй. Таны өмнөөс миний сэтгэл хоёрдчихлоо.
-Уг нь, би тэтгэвэртээ гарчихвал олон жилийн өмнө орхисон дуртай ажлаа хийе гэж төлөвлөж байсан юм. Хөгширсөн ч гэсэн хамт дуулж байсан хүмүүс маань одоо дуугаа дуул гээд байгаа. Циркийн 90 жилийн ой болох гээд хамтлагийнхан маань намайг хайж л дээ. Би есдүгээр сарын 1-ний зургаа фэйсбүүктээ оруулсныг манай пультэн дээр суудаг ах олж хараад нөгөө хэддээ “Цаадах нь төмөр замын 177 дугаар цэцэрлэгт ажилладаг юм байна” гэж... Тэд лавлахаас утасны дугаарыг минь олж аваад холбоо барьж, гэрт ирж надаас ярилцлага авсан. “Цирк” хамтлагийн ганц эмэгтэй дуучин нь би байсан болохоор тэгж их ач холбогдол өгч л дээ. Дуучин Оюунбилэг, Оюун-Эрдэнэ хоёр болохоор манайд урилгаар дуулдаг байсан юм.
Дуучин байхдаа хөдөө аймгуудаар тоглолтоор явна. Түүнд манай хүн их дургүй. Дандаа эрэгтэй хүмүүстэй хамт явлаа гээд уурлана. Телевизийн бичлэгт орохоор дургүйцнэ. Өөрийгөө нэрд гаргах гэлээ. Улс орон даяар өөрийгөө зарлалаа гэдэг байлаа. Гэхдээ эцэст нь хүн ухаардаг юм билээ. Манай хүн биеэ муу байхад “Би ханиагаа дууг хуурыг нь хөөлгөхгүй, яах гэж хориглож байв даа. Ганц дуу хийлгээд өгчихгүй яав даа” гэж маш их харамсаж байсан даа, хөөрхий.
-Та одоо дуугаа дуулахгүй юм уу?
-Нэг удаа надад бааранд дуулаач гэсэн санал ирсэн /инээв/. Би ажилчдадаа ярилаа. Тэгсэн манайд сахиулаар ажиллаж байсан Ганбаяр “За дарга минь очиж очиж бааранд дуулаад яах нь вэ. Нэр сүрээ бодоорой” гэж бөөн инээдэм болцгоож билээ. Найз нар минь “Voice Mongolia”-д ор гэдэг л юм. Би ч хөгширчихөөд түвэг. Гоё охид залуусын дунд би юугаа хийх вэ гэдэг юм. Харин сая “Voice Mongolia”-д манай Зорчигч тээврийн төвийн нэг бүсгүй орсон байна билээ.
-Таны дуулсан дуу радио, телевизийн алтан фондод байгаа юу?
-Байж магадгүй. Улаанбаатарт анх тролейбус явж эхлэхэд Ц.Энхманлай ах бид хоёр “Тролейбус” гэдэг дууг дуулж байлаа. Нээрээ би чинь телевизийн бараг анхных нь клип маягийн юманд тоглосон хүн шүү дээ. Надтай хамт итали дуу дуулдаг ах бид хоёр “Залуу хос” гэдэг дууг дуулсан. Бид хоёрын дуунаас гадна тэр үеийн “Айзам”, “Өргөө” зэрэг хамтлагуудын концертыг зохиомжилж холбоод одоогоор клип маягийн юм хийсэн юм. Би гадаадад сурдаг оюутан онгоцоор өвлийн амралтаараа ирж байгаа дүрд тоглох боллоо. Тэр бичлэгт орох болсон чинь найруулагч нь намайг нэхий дээл, булган малгай өмс гээд байдаг. Надад тэр нь байхгүй. Манай хүн ч дургүйцээд байхаар нь гэрээсээ зугатаах шахуу нөхрийндөө оччихоод байж байлаа. Найруулагч манайх руу утасдаад утсаа авахгүй болохоор намайг хувцасгүй гээд алга болчихлоо гээд өөрсдөө нэхий дээл, малгай бэлдчихээд гэрт хүрээд ирж. Ээж намайг найз залуугийндаа очсон гэтэл та заагаад өг гэсээр хамт хүрээд ирцгээжээ. Хаалга нүдэхээр нь бид хоёр хаалгаа тайлалгүй байгаад л байлаа. Тэгсэн чинь найруулагч хаалганы цаанаас “Амгалантуул аа, битгий санаа зов. Хувцсыг чинь бэлдчихсэн” гэж байна. Тэгсэн ч хаалгаа тайлсангүй. Гурван угсармалын дунд талын байранд аавын эгчийнх байсан. Ээж тэднийх рүү очоод хадмынх руу утасдаж “Миний хүү гараад ир. Санаа зоволтгүй” гэж байна. Тэгснээ буцаж ирээд хаалга нүдэж байгаад таг чиг болчихлоо. Тэгэхээр нь бид хоёр явчихаж гээд гараад ирсэн чинь нөгөө хүмүүс дээд давхраас буугаад ирсэн. Ингээд баригдаад гоё хар машинд суугаад явлаа даа. Замдаа “Бид Ардын жүжигчин, гавьяатаа ч ингэж авч явж үзээгүй. Яасан том толгойтой юм бэ...” гээд зөндөө загнуулсан. Тэгж явж тэр бичлэгт орсон юм даг. Энхтайваны гүүрэн дээгүүр явуулж зураг аваад л... Хамт дуулдаг ахтайгаа хаа сайгүй зугаалж байгаа дүрс зураг авхууллаа. Завсраар нь хамтлаг дуучдын тоглолт гардаг зохиомжтой ТВ концерт. Тэгэхэд “Харш” хамтлагийн Баасандорж хүртэл дуулж байсан санагдана.
Тэр лав 2-3 жил телевизээр гарсан. Гарах тоолонд нь нөхөр бид хоёр муудалцдаг байж билээ. Хань ижилтэй байж чи ийм юманд тоглож улс орон даяар гарлаа гээд л уурлана даа. Одоо бодоход хүүхдээрээ шахуу нийлсэн хоёр байж дээ.
Тухайн үедээ зөндөө фентэй байлаа. Одоо хэрнэ намайг таних хүн мэр сэр байна. Нэг хүн “Та олоон жилийн өмнө дуулж байсан эгч мөн үү?” гээд фэйсбүүк чатаар бичсэн байсан. “Мөн” гэтэл “Та Архангайд ирж дуулж байсан. Би таны фэн чинь байна” гэсэн шүү.
-Та багадаа их сэргэлэн охин байсан байх аа. Хүүхэд насны хөгжилтэй түүх байгаа даа?
-Аавынхаа тухай хөөрхөн түүх ярья. Улаанбаатар Зүтгүүрийн депод Жав нэртэй хоёр машинч байлаа. Депогийнхон ялгахын тулд “Ургац”, “Нийслэл” гэж тэр үеийн шар айрагны нэрээр дууддаг байсан юм. Аавыг “Ургац Жав”, нөгөө машинчийг “Нийслэл Жав” гэдэг байсан. Бодвол аав “Ургац” пивонд дуртай, нөгөө ах “Нийслэл”-д нь дуртай байсан юм байлгүй. . Манайх уг нь таван охин, гурван бандитай айл. Гэхдээ депогийнхон намайг “Жавын ганц охин” гэдэг сэн. Аавын амин охин байлаа. Би тав, зургадугаар ангид байхаасаа л депо дээр очоод аавынхаа цалинг авдаг байв. Аавын цалингаас гурил, будаагаа шуудай шуудайгаар нь авна. Олон хүүхэдтэй болохоор хүнсээ тэгж ихээр нь нөөцөлдөг байсан юм. Эргээд бодоход би багаасаа аж ахуйч, амьдралын ухаанд суралцаж байж дээ. Манайх огт хаалгаа цоожилдоггүй айл байсан. Аав, ээж хоёр минь ааш зан сайтай улс болохоор тэр хавийн хүүхдүүд бүгд л ороод ирнэ. Аав ээжийн найз нөхдийн хөл тасрахгүй. Манайх их боорцог хийдэг айл байлаа. Би хамаг халаасаараа боорцог чихэж гараад хүүхдүүдэд тараадаг байсан сан. Багадаа их дэггүй охин байсан даа.
Миний хадам ээж Ю.Содномбалжид гэж хүн байлаа. Насаараа Хүүхдийн секторт боловсон хүчин хийсэн хүн. Ганц хүүтэй нь суусан, бэр нь би. Ээж минь энэ жилийн зургадугаар сард өөд болсон.
Ханийгаа өнгөрөхөд “Газар дээр үлдэж байгаа би ээж, аав хоёрыг тань сайн харж асарна. Харин тэнгэрт байгаа аав, ээж хоёрыг минь чи харж хандаарай” гээд явуулсан даа. Ханиасаа хойш аав, ээж хоёроосоо холдоогүй. Хадмынх маань тосгоны гурван угсармалд байсан. Байнга л эргэж тойрч, тэмдэглэлт баяр, төрсөн өдрийг нь заавал хамт тэмдэглэнэ. Хоол хүнсийг нь базааж өгнө. Бага охин минь нэг удаа “Ээжээ би танаар маш их бахархаж байна” гэлээ. “За яасан...” гэсэн чинь “Аав нас бараад олон жил болсон ч та өвөө, эмээ хоёрыг байнга бөөцийлж асарсан. Дааж ядаад л хоол хүнсийг нь аваачиж өгөх юм. Гэтэл хүмүүс нөхөр нь нас барчихвал гурван жил болоод л холбоо тасардаг гэсэн” гэж билээ. Тэр үед охиндоо ээж нь аавд нь амласан юмаа гэж хэлсэн. Би ээжийгээ хамгийн сүүлд хоёр сар шахам асраад бурхны оронд үдсэн дээ.
Амьдралын олон даваа нугачааг туулж явнаа,эгч нь... Гэхдээ би энэ амьдралдаа хайртай. Өөрийнхөө гаргасан шийдвэрт хэзээ ч харамсаж байгаагүй. Би нүүр бардам энэ амьдралыг туулж явна.
-Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Бас таныг дуугаа дуулаасай гэж хүсэж байна.
-Баярлалаа. Өнөөдөр хамаг дурсамжаа уудлаад ярилцах их сайхан байлаа. Танай сонины хамт олонд амжилт хүсье.
-Таны цаашдын ажилд амжилт, амьдралд аз жаргал хүсье.
Б.Гүнжинлхам

Сэтгэгдлүүд
4 сэтгэгдэл байна.