УБТЗ-ын Мэдээлэл технологийн албаны дарга Х.Анартай ярилцлаа.
-Уучлаарай, Замын даргын үзлэгийн үеэр танай албаны нэр энд тэнд их гарах юм. “Мэдээлэл технологийн албанд ийм программ хийлгэх захиалга өгсөн. Жил, хоёр жил боллоо. Хийж өгөөгүй” гэх мэтээр... Тиймээс танай албаны 2025 оны ажил үйлсээс яриагаа эхэлье.
-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргье. Манай алба 26 ажилтны орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Төмөр замчдын дийлэнх нь манай албыг 26 программисттай гэж ойлгодог. Гэтэл манай алба УБТЗ ХНН-ийн мэдээллийн технологи болон түүний аюулгүй байдлын бодлого, хөрш төмөр замуудтай ачаа болон зорчигч тээврийн мэдээлэл солилцоо, IT технологийн бүх техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, 24 цагийн диспетчерийн үйл ажиллагаа (бүх өртөө зөрлөгийн программ хангамжийн тасралтгүй ажиллагааг хангах), программ хангамжийн хөгжүүлэлт гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манайх программ зохиогч зургаан инженертэй, тэдний ажлын ачаалал маш их. Цахим технологийн хөгжил сар жилээр биш, өдөр хоног, цагаар хэмжигддэг болсон энэ цаг үед УБТЗ цахим технологит шилжих том зорилттой ажиллаж байгаа. Нуулгүй хэлэхэд, манай албаныхан хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй эрэлт хэрэгцээг яаж хангах гэдэг асуудалтай тулгарч байна. Программ хөгжүүлэлт бол өнөөдөр үүнийг хийгээд дууслаа гээд шууд хаагаад орхидог ажил биш. Программын ашиглалтын явцад байнга шинэчлэлт, сайжруулалт, хөгжүүлэлтийг хийгээд явдаг онцлогтой ажил. Жишээ нь: “АТМС”, “НАТУРКА”, “ЗТҮС” гэх мэт программын хөгжүүлэлтийг олон жилийн турш тасралтгүй хийгээд явж байгаа. Энэ жилийн хувьд Зорчигч тээврийн цахим системийн бүрэн шинэчлэлийг хийсэн. Нийт есөн модультай маш том системийн шинэчлэлийг хийх хүрээнд төрийн “Хур” болон “Дан” системд холбосон нь нэг том дэвшил боллоо.
-Зорчигчид галт тэрэгний тасалбарыг цахимаар буцааж болохгүй байна гэх гомдол гаргадаг. Энэ шинэчлэлтээр тэр асуудлыг шийдсэн үү?
- ЗТҮС”-ийг төрийн “Хур” болон “Дан” системд холбосноор галт тэрэгний тасалбарыг кассаар, онлайнаар, киоск машин, ер нь хаанаас ч авсан бай хамаагүй бүх буцаалтыг онлайнаар хийх боломж бүрдсэн. Зорчигч тээврийн алба ажлын тав хоногт буцаадаг журамтай. Гэхдээ бид энэ удаагийн шинэчлэлээр онлайн буцаалтыг 24 цагт багтаан хийдэг болох зорилт тавиад ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ систем ашиглаж эхлэхээр бүх бэлтгэлээ хангасан, дараа жилд бид зорчигч тээврийн гар утасны аппликейшнийг шинэчилнэ.
Түүнчлэн дараагийн нэг томоохон ажил нь УБТЗ өөрийн гэсэн сургалтын платформтай болох зорилт тавьсан өмнөх нөхцөл байдалд алба, хэлтэс, төв бүр сургалт хийхдээ гадны байгууллагын платформыг түрээсэлдэг. Ийм төрлийн түрээсэнд тодорхой хэмжээний зардал мөнгө гадагшаа урсаж байгаа. Тэгэхээр ийм платформыг хийх ажлын хэсгийг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан хөгжүүлэлт хийгдэж байна. Энэ платформ дээр манай алба болон Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэстэй хамтраад хөгжүүлэлт хийгээд одоо туршилтын шатандаа явж байна. Энэхүү платформд төмөр замын бүх ажилтан мэргэжлийн чиглэл бүрээрээ аудио, видео, PDF хэлбэрээр хичээлээ үзэх боломжтой. Цаашид энэ платформ нь шалгалт авах боломжтой сургалтын цогц систем болох юм. Мөн Вагоны программын хөгжүүлэлтийг хийж дуусаад туршилтад өгсөн. Зүтгүүрийн аж ахуйн албаны захиалгаар “Локремонт” системийг өнгөрсөн жилээс эхлээд хөгжүүлээд явж байна. Одоогийн байдлаар зүтгүүрийн паркын засварын цогц системийн суурийг тавьчихаад байна. Зүтгүүрийн эд анги, цахим паспорт, тайлан, засвар, ашиглалт үйлчилгээний модуль гээд нэлээд том программыг хийж байна. Мөн нэг чухал ажил бол цахим санамж, санамжийг цахим болгосноор үйлчлүүлэгч нарт төлбөр тооцооны асуудал ил тод, тодорхой болсон чухал ач холбогдолтой. Цахим санамж бол 2016 оноос яаман дээр яригдаж байсан асуудал. Сүүлийн хоёр жил бид цаг зав, хүн хүчээ төвлөрүүлж ажиллалаа. Хамгийн сүүлийн байдлаар Замын-Үүдийн нарийн царигийн өртөөн дээр манай программист саяхан очиж ажиллаад ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж байгаа. Үүнтэй холбогдуулан ХАБЭА-н албаны Экологийн хэлтсийн захиалгаар “Тэрбум мод” программыг хийгээд эхэлсэн. Энэ программ нь Замын хэмжээнд тарьсан бүх модны мэдээллийг багтааж байгаа юм. Мөн Хэмжил зүйн төвийн программ хангамж гээд дурдаад байвал маш олон ажлыг манай залуус хийсэн.
-Нэг программ хийхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Программынхаа том жижгээс хамаараад дунджаар гурван сар ба түүнээс дээш хугацааг зарцуулдаг. Хийж дуусаад туршилтад өгөөд жижиг сажиг алдаа байвал түүнийг нь засаад боллоо гэж үзвэл ашиглалтад оруулдаг. Жижиг хэмжээтэй ажлыг бол сарын дотор ч хийнэ. Төлөвлөгөөт ажлаас гадна цаг үеийн шаардлагаар нэмэлт ажлууд орж ирдэг. Жишээ нь: “УБТЗ” ХНН-ийн албан ёсны цахим хуудсан дээр Ил тод байдлын цэсийг шинээр хөгжүүлэх, төрийн shilen.gov.mn сайт дээр УБТЗ-ын мэдээллийг байршуулах зэргээр холбогдох албадтай хамтарч ажиллаж байна. Эхний улирал манайх хангалтгүй үнэлэгдэж, хоёрдугаар улиралд 42 хувьтай байсан бол гуравдугаар улиралд 93 хувийн үнэлгээ авсан нь зам тээврийн салбартаа хамгийн өндөр үзүүлэлт болсон. УБТЗ-ын үйл ажиллагаа цахим системүүдийг ашиглаад олон нийтэд ил тод болж байгаагийн нэг илрэл. Үүнийг shilen.gov.mn сайт руу ороод үзэх хэрэгтэй. Мөн UBTZ.mn рүү орж бүх мэдээллийг авч болно.
-УБТЗ-ын хэмжээнд хичнээн программ ашиглагдаж байна вэ?
-Яг одоогийн байдлаар Мэдээллийн технологийн албан дээр 77 программ ашиглагдаж байгаа. Үүний заримыг нь шинэчлээд, хэт хуучирсныг нь ашиглалтаас гаргах, өмнө нь дан дангаараа байсан программуудыг хооронд нь холбож нэгтгэх ажил үе шаттай хийгдэж байна. Цаг үеийн шаардлагаар шинэчлэлийг тасралтгүй хийх ёстой.
-Та бүхэнд ажлынхаа үр дүнг тооцсон судалгаа бий юу? Хамгийн наад зах нь цаасаар хэвлэж тараадаг тайлан мэдээг хэрэглээнээс гаргасан гэх мэт?
-Тийм тооцоо судалгааг хийж болно. Жишээ нь, өмнө нь хэвлэгддэг байсан бланк, маягтын тоо жилээс жилд буурч байгаа. Гараар бичиж хөтөлдөг байсан маягт, бланк, дэвтрүүд цөөрч байгаа. Үүн дээр, цахим санамж, анхаарамжийг дурдаж болж байна. Норматив гээд баахан цаас хэвлэж байсан бол одоо “И-норматив” нэвтэрлээ. Энэ бүгдийг тооцвол эдийн засгийн хэмнэлт тодорхой хэмжээнд гарч байгаа. Нөгөө талд нь цаг хугацаа хэмнэсэн, ажлын бүтээмж нэмэгдсэн олон үр ашгийг давхар тооцох ёстой байх.
-Бүх зүйл цахимжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нөгөө талд нь цахим системийн аюулгүй байдал маш өндөр байх шаардлагатай. УБТЗ-ын цахим аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Энэ маш чухал асуулт байна. Монгол Улс Цахим хөгжлийн яамтай болсон. Үүнтэй уялдаад 2021 оны 12 дугаар сарын 17-нд УИХ-аар “Кибер аюулгүй байдлын тухай хууль” батлагдсан. Энэ хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 2022 оны тавдугаар сарын 27-нд Засгийн газрын 270 дугаар тогтоол гарсны дагуу “УБТЗ” ХНН бол мэдээллийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагын тоонд ордог. Мэдээллийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагад хуулиар хүлээх үүрэг гэж бий. Жил болгон кибер аюулгүй байдлын үнэлгээ, хоёр жилд нэг удаа мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэхээр хуульчлагдсан. Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээгээ Тагнуулын байгууллагаар хийлгэж, тэдний гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу бид ажлуудаа хийгээд явж байгаа.
Зорчигч тээврийн үйлчилгээний системийг бид шинэчилсэн гэдгийг дээр хэлсэн шүү дээ. Вэб платформууд хуучирдаг, өөрөөр хэлбэл хуучин платформууд аюулгүй байдал талаасаа эмзэг, сул тал аяндаа үүсдэг учраас үүнийг засварлах, сайжруулахын тулд шинэчлэлтийг хийгээд явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь, аюулгүй байдлаа хангах ажлыг тасралтгүй хийгээд явж байна.
-Хүмүүс IT инженер л гэвэл бүх зүйлийг хийнэ гэж ойлгоод байдаг талтай. Гэтэл цахим аюулгүй байдлын мэргэжилтэн гэдэг тусдаа ойлголт. Яг энэ чиглэлийн мэргэжилтэн танайд бий юу?
-Мэдээллийн аюулгүй байдал маш чухал болсон цаг үе. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэд хэдэн байгууллага цахим халдлагад өртсөн. Тэгэхээр цахим аюулгүй байдал гэдэг ч ямар чухал гэдгийг ойлгох байх.
Кибер аюулгүй байдлын тухай хуулинд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага аюулгүй байдлын ажилтан юм уу, нэгжтэй байх тухай хуульчилсан. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага гэдэгт төмөр зам, эрчим хүч, эрүүл мэндийн байгууллага гэх мэт салбарынхан ордог. Хэрэв эдгээр салбарын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд орвол зөвхөн тухайн байгууллага төдийгүй цаашлаад улс орны эдийн засагт онц их хэмжээний хохирол, хор хөнөөл учирч болзошгүй гэж үздэг. Бид эхний ээлжинд таван ажилтны орон тоотой хэлтэс байгуулах саналаа Ерөнхий хороонд тавьсан.
-Замын хэмжээнд 14700 тоног төхөөрөмж ашиглагдаж байна гэсэн. Үүний хэдэн хувь нь ажлын шаардлага хангаж байгаа, хэдэн хувь нь хэт хуучирсан шинэчлэх шаардлагатай бол. Мөн шинээр авч байгаа компьютер тоног төхөөрөмжүүд нь хэр чанартай байна вэ гэдэгт хяналт тавьдаг уу?
Энэ бас маш чухал асуудал. Ирэх жилээс бид Замын хэмжээнд ашиглаж байгаа бүх тоног төхөөрөмжийн бүртгэлийг газар дээр нь хийнэ. Өмнө нь Замын хэмжээнд шинээр худалдан авсан IT-ийн тоног төхөөрөмжийн зарим нь чанарын шаардлага хангахгүй, нэг жил болоод эвдэрсэн тохиолдлууд байсан. Засах гэхээр сэлбэг материал нь олддоггүй. Яагаад ийм зүйл болов гээд судлахаар өөрсдөө мэдээд, мэргэжлийн албатай зөвшилцөөгүй авсан байдаг. Тиймээс манайх IT-ийн тоног төхөөрөмжүүдэд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан журам гаргасан. Жишээ нь, өртөөдийн Товарын конторуудад ямар принтер ашиглавал зохих вэ гэх мэт. Тэнд оффисын өдөр тутамд хэрэглэдэг принтер авчихдаг, нөгөөх нь шаардлага хангадаггүй. Тэгэхээр тухайн ажлын байруудад тохирох тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг нь гаргаж өгч байна. Худалдан авалт хийхдээ түүнийг баримталж байвал үргүй зардал гарахгүй болно.
-Танай албанд жилд хэдэн программын захиалга орж ирдэг вэ?
-2025 онд 33 программ зохиолгох санал ирсэн. Цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Замын даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны 844 тоот тушаалаар Мэдээллийн сан, программ хангамж хөгжүүлэх тухай журам батлагдсан. Энэ журмаар байгууллагуудаас саналуудыг нь аваад Замын Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга дээр манай алба болон Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс хуралдаад эдийн засгийн өндөр ач холбогдолтой том программуудыг нэн тэргүүнд хийх зарчмаар явдаг. Өөрөөр хэлбэл, ирж байгаа санал, захиалга бүрийг хийх боломжгүй. Учир нь хүний нөөц хүрэлцэхгүй, үнэхээр амжихгүй асуудлууд тулгардаг. Зарим ач холбогдол өндөртэй том программыг тухайн жилдээ хийж амжаагүй бол дараа жилийнхээ төлөвлөгөөнд тусгаад хийгээд явдаг.
-Хүний нөөц хүрэлцэхгүй, захиалгат ажлаа барахгүй байна гэлээ. Тэгвэл танайх хүн хүчээ яаж зузаатгавал болох бол...?
-Та түрүүн шугам замд хэрхэн хүрч ажилладаг вэ гэж маш зөв асуудлыг хөндсөн. Ядаж шугам замын тулгуур өртөөдөд нэг нэг мэдээлэл технологийн ажилтантай болох шаардлага бий. Албанаас гарч байгаа шинэ программ хангамжийн ашиглалтыг хөрсөн дээр нь буулгах, дээр нь тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг шуурхай хийх ажилтан хэрэгтэй. Шугам замын нэг байгууллагын компьютер, принтер эвдрэхэд манайх руу явуулж байгаа. Энд засаад буцаагаад явуулахад хэр хугацаа өнгөрөх вэ. Кибер аюулгүй байдлын бүтцийг би дээр хэлсэн. Мөн программ зохиогч инженерийн орон тоог дор хаяж таваар нэмэгдүүлэх судалгаа байна. Нэг хүн дээр хэт олон программ хангамж овоордог. Хэрэв тэр ажилтан ажлаас гарвал түүний хийж байсан программуудыг цааш нь хөгжүүлэх хүнгүй болно. Энэ программууд дээр ядаж хоёр хүн баг болоод ажиллавал нэг нь явахад нэг хүн үлдэнэ шүү дээ. IT-ийн компаниуд яаж ажилладаг вэ гэхээд нэг программ дээр 3-5 хүн баг болж ажилладаг. Ерөөсөө зарчим ийм. Манай албаны орон тоо, бүтцийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Аль болох ажилтнуудаа нэг систем дээр баг болгоод богино хугацаанд ажиллуулах гээд үзээд байна. Гэхдээ цөөхөн программисттай болохоор үнэхээр хүрэлцэхгүй байна.
-Ирэх жилд танай алба ямар программуудыг хийхээр төлөвлөсөн байгаа бол...?
-2026 онд бид ачаа тээврийн чиглэлийн программууд дээр голлон ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Программистүүдийн ажлын үнэлэмж хэр вэ. Ямар ч ажилтны ажлын үнэмлэмж бүтээмж хоёр шууд хамааралтай шүү дээ?
-Ямар ч байгууллагад хамгийн үнэ цэнтэй зүйл бол хүний нөөц. Энэ чиглэлээр Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэстэй хамтраад хөөцөлдсөн зүйл бий. Программистууд бол ажлын өөр онцлогтой хүмүүс, тэдний бий болгож байгаа бүтээмж арай ондоо болохоор урамшууллын журам боловсруулж, саяхан батлуулсан. Тэр нь тодорхой шалгууруудтай. Тухайн программистын хийсэн программ хэр том цар хүрээтэй юм, ашиглалтын явцад алдаа дутагдал гарч байна уу, хэдий хэр хугацаанд хийсэн зэргийг нь харгалзан үзэж урамшуулал олгох журам гаргасан. Өөрөөр хэлбэл, ажлын цар хүрээ, чанар, хугацаа, үр ашиг зэргээс нь хамаарч урамшуулал олгох нь программистуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болно гэж хараад байгаа юм. Хоёр программист байлаа гэхэд нэг нь нэг ажил дээр найман сар, нөгөө нь нэг сар зарцуулж байвал үнэлэмж нь өөр л байж таарна шүү дээ.
-Илэн далангүй ярилцлсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам

Сэтгэгдлүүд
2 сэтгэгдэл байна.