БНХАУ, ОХУ, Монгол Улс, БНПУ, Казахстан, ХБНГУ, Беларусь улсын төмөр замын байгууллагуудын чингэлгийн галт тэрэгний долоон талт ажлын хэсгийн 13 дахь удаагийн хуралдаан энэ сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Тус хуралдааны үндсэн зорилго нь Ази-Европыг холбосон төмөр замын чингэлэг тээврийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Евро-Азийн логистикийн сүлжээний тогтвортой хөгжлийг хангах, тээвэрлэлтийн үр ашиг, мэдээлэл солилцооны уялдаа холбоог сайжруулах, мөн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид төмөр замын тээврийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог.
Хуралдаанд оролцогчид транзит тээврийн тогтмол аяллыг нэмэгдүүлэхийн тулд чингэлгийн галт тэрэгний зохион байгуулалттай холбоотой дүрэм журам, шийдлийн талаар хэлэлцлээ. Манай улсаар 2025 онд дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо өмнөх оныхоос 22.5 хувь өссөн байна.
Хуралдааны үеэр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын транзит тээврийг өргөжүүлэх хүрээнд талууд шингэн ачааг флекситанк уут ашиглан тээвэрлэх боломж, нөхцөл, шийдлийн талаар хэлэлцжээ. Энэ шийдэл нь тусгай зориулалтын цистерн вагон ашиглах шаардлагыг бууруулж, чингэлгийн тээврийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын транзит ачааны нэр төрөл, урсгалыг өсгөх шинэ боломжийг бүрдүүлэх юм байна.
