Нүүр УБТЗ ХНН Төмөр замын захирлуудын бага хурал боллоо
УБТЗ ХНН

Төмөр замын захирлуудын бага хурал боллоо

G.Press 1 сарын өмнө 91 үзэлт 0 сэтгэгдэл

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага (ТЗХАБ-ОСЖД)-ын гишүүн орнуудын Төмөр замуудын Ерөнхий захирлуудын 40 дэх удаагийн бага хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Êазахстан Улсын нийслэл Астана хотноо амжилттай зохион байгуулагдлаа. ТЗХАБ нь 1956 оны зургадугаар сарын 28-нд анх байгуулагдсан бөгөөд энэ жил тус байгууллагын 70 жилийн ой тохиож байна. УБТЗ ХНН нь тус хорооны анхны 10 гишүүний нэг юм. ТЗХАБ нь өдгөө нийт 30 улсыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд гишүүн төмөр замуудын нийт урт нь 330 мянган км ба дэлхийн төмөр замын тээврийн 50 хувийг буюу жилдээ таван тэрбум тонн ачаа, 5.5 тэрбум зорчигчийг тээвэрлэдэг олон улсын томоохон байгууллага болжээ. ТЗХАБ-ын гишүүн орнуудын Төмөр замын Ерөнхий захирлуудын бага хурал нь анх Монгол Улсын санаачилгаар 1992 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан ба энэ удаагийн 40 дүгээр бага хуралд УБТЗ ХНН-ийг төлөөлж УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Мэдээллийн технологид суурилсан ухаалаг төмөр замын сүлжээг бий болгож олон улсын харилцааны зорчигч, ачаа тээврийн баримт бичгийг цахимжуулах чиглэлээр ихээхэн ажил хийж гүйцэтгэж байгаа талаараа энэ удаагийн бага хурлын үеэр гишүүн төмөр замууд мэдээлж харилцан хамтран цахимжилтыг эрчимжүүлэх уриалга гаргасан байна. Тус хурлаар ТЗХАБ-ын хорооны Ачаа тээврийн комисс, Зорчигч тээврийн комисс, Дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний комисс, Мэдээлэл технологийн байнгын ажлын хэсэг, Санхүүгийн болон тооцооны байнгын ажлын хэсэг, Гишүүн төмөр замуудын хоорондын тооцоо, тооцооны механизм, өр барагдуулах байнгын ажлын хэсэг, Тээврийн салбар дахь мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах чиглэлийн түр ажлын хэсгийн тайланг хэлэлцэн баталж, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага / ТЗХАБ/-ын Хорооны 2025 оны ажлын тайланг сонсон дараагийн жилүүдийн ажлын төлөвлөгөө, төсөв, хөтөлбөрийн талаар хэлэлцэж баталсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.