Нүүр Түүхийн хуудас сөхөхүй Олон улсын "Нарлаг Монгол" галт тэрэгний 50 жилийн ойд
Түүхийн хуудас сөхөхүй

Олон улсын "Нарлаг Монгол" галт тэрэгний 50 жилийн ойд

G.Press 1 сарын өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

“Нарлаг Монгол” нэртэй галт тэрэг хоёр байсан тухай та мэдэх үү. Ийм нэртэй онцгой үйлчилгээт анхны галт тэрэг 1968 онд Улаанбаатар-Дарханы хооронд гарч байлаа. Тэр галт тэрэг нийслэлээс өглөө эрт гарч өдөр дунд Дарханд очиж, орой 20.00 цагт эргэж ирдэг байсан. Тэр галт тэрэгний бүрэлдэхүүн хот, дүүргийн суудалтай 5-6 вагон, нэг өрөөтэй вагонтой зорчиж эхэлсэн. Энэ галт тэрэг шинээр байгуулагдаж буй Дархан хот болон нийслэлийн зорчигчдыг хурдан хугацаанд нийслэлтэй холбох зориулалттай аялж эхэлсэн. Орон нутгийн бусад галт тэрэгтэй харьцуулбал хурдан, хөнгөн шуурхай, ая тухтай үйлчилдэг байсан тул “Онцгой үйлчилгээт галт тэрэг” гэж нэрлэгдэж байлаа. Энэ галт тэрэгний бэлтгэн гаргах ажлыг УБТЗ-ын Техникумын вагоны хоёрдугаар ангийг төгсөгч Ундрахын Цэрэндоржид хариуцуулсан юм. Галт тэрэгний анхны дарга, мастераар Лувсан-Ишийн Лхагва миний бие нэг ангийн төгсөгч Чадраабалын Нямхүүтэй ажиллаж эхэлсэн. “Нарлаг Монгол” галт тэрэг 1970 оны сүүлч хүртэл аялаад цаг үеийн шаардлагаар (хот дүүргийн вагонуудын техникийн насжилт өндөрссөн) болон бусад шалтгаанаар аяллаа зогсоосон юм. Тэр галт тэргэнд хамтран ажилласан ахмадууд, вагончидоо дурсан санахад сайхан байдаг.

 

Харин Монголын олон улсын үйлчилгээний “Нарлаг монгол” галт тэрэг 1976 оны тавдугаар сарын сүүлчээр Улаанбаатар-Москвагийн чиглэлд анхны аяллаа эхэлж байсан цаг саяхан мэт санагдавч аль хэдийнээ 50 жил өнгөрчээ. Галт тэрэгний анхны даргаар ахмад вагончин 50 эргэм настай Г.Дашбал, Г.Доржготов нартай хамт миний бие 30 дөхсөн насандаа томилогдон ажиллаж байлаа. Манай бригадад галт тэрэгний мастераар Т.Банк, Ч.Нямхүү болон хожим Монголын олон улсын галт тэрэгний анхны эмэгтэй дарга, АИХ-ын депутат болсон Цэрмаагийн Цэцгээ нар ажиллаж байв. Манай бригадад хожмын Үйлчилгээний гавьяат ажилтан үйлчлэгч Даваажавын Энхтуяа, үйлдвэрийн олон удаагийн аварга Мулзангийн Цэвэлмаа, хожим галт тэрэгний дарга болсон Бунийн Долгор, Ням-Осорын Даваасүрэн, “Тэргүүний ажилчин залуу” алтан медальт Ч.Адъяахүү нар хамт олноо манлайлан ажилладаг байсан. Манай залуучуудын гавшгайч бригадад Долгормаа, Соёлмаа, Ягаанцэцэг, Буяндэлгэр, Үрээ, Түмэнбаяр, Оюун, Цэцэгмаа, Оюунцэцэг, Янжив, Ганболд Чимэддорж, Пүрэвдорж, Жавзан, Сүхээ гэхчлэн залуучууд болон тээшний вагоны үйлчлэгч, халамжлан хүмүүжүүлэгч Хасбазар гуай ажиллаж байсан. Манай бригадынхан бол үүрэгт ажлаа гарын таван хуруу шигээ мэдэрч ажилладаг шилдэг тэргүүний ажилчид байв. “Нарлаг Монгол” галт тэрэг аялалд яваад удаагүй байхад Орос улсын галт тэрэгний нэг дарга надад “Танай энэ галт тэрэгний үйлчлэгч шавилхан жаахан охид манай Сибирийн 40-50 хэмийн хүйтнийг яаж давна даа. Манай тарган цатгалан, бүдүүн хадуун хүүхнүүд ч үгээ хэлдэг юм шүү” гэж санаа зовон өгүүлж билээ. Гэвч төдий л удалгүй олон улсын зорчигч нар Орос, Хятадаас илүү Монголын галт тэргэнд захиалга өгч зорчих нь илт давуу болсон доо. Миний бие тэсвэр тэвчээртэй, хөдөлмөрч, чанартай хамт олноороо бахархдаг.

Хэрэв илүү тодорхой зүйлийг сонирхвол эдүгээ амьд сэрүүн байгаа Монгол Улсын Гавьяат тээвэрчин Г.Ишжамц, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Бээжингийн галт тэрэгний анхны мастер болон даргаар ажиллаж байсан Ш.Банидсүрэн нараас лавлаж болно. Түүнчлэн, нас өндөр болж байгаагийн улмаас зарим хүнийг дурдалгүй орхиж, овог нэрийг нь мартсан байж болзошгүй тул уучлалт хүсье!

“Нарлаг Монгол” нэртэй олон улсын анхны галт тэрэг аялж эхэлсний 50 жилийн ойн мэнд хүргэе!

 

Ахмад төмөр замчин Л.Лхагва

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.