Нүүр Ярилцлага Монголоороо омогшсон орчуулагч
Ярилцлага

Монголоороо омогшсон орчуулагч

G.Press 1 жилийн өмнө 1,525 үзэлт 7 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Гадаад харилцааны албанаас саяхан гавьяаны амралтдаа гарсан орчуулагч, яруу найрагч Монголын зохиолчдын эвлэлийн болон Орчуулагчдын Холбооны гишүүн Мандаагийн Баярмагнайг зочин хоймортоо урьж ярилцлаа.

 

-Хүн унасан газар угаасан устайгаа хүйн холбоотой байдаг юм гэнэ билээ. Би таныг их онцгой газар мэндэлсэн гэж сонссон санагдана?

 

-Би 1965 оны нэгдүгээр сарын 18-нд хуучнаар Ажилчны район буюу одоогийн Хан Уул дүүрэгт Богд хааны ордон музейн хашаанд сахиулынх нь гэрт төрсөн хүн. Ээжийн маань аав Г.Даваасамбуу гэж хүн байлаа. Өвөөгийн минь эгч Богд хааны ордон музейн сахиул байсан юм билээ. Төв аймгийн Жаргалантаас ээж минь төрөх гэж хотод ирэхэд өвөө эгчийндээ авчраад байхад нь гэнэт өвдөөд эмнэлэгт очиж амжилгүй гэрт нь төрсөн юм гэдэг. Хувь тавилан ч юмуу. Тэгэхээр яалт ч үгүй Богд хааныхаа ордны хашаанд төрсөн хүн л дээ. 5 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ын “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин нартай хамт Би ааваараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумынх гэж явна. Ээж минь Завхан аймгийн Яруу сумын хүн.

 

-Та уг нь цэргийн хүн байх аа?

 

-Би Төв аймгийн Жаргалантад дунд сургуулиа дүүргээд Дорнодын Хилийн цэргийн 031 дүгээр отрядын Хэрлэнгийн заставт хилчин, НАХЯ-ны сургалтын төвд байлдагч, Төв аймгийн Баянчандмань дахь хилийн цэргийн полигон дээр бага дарга, Амгалан дахь НАХЯ ны Дээд сургуулийн Бэлтгэл дивизионд бага түрүүч цолтой тасгийн захирагч явлаа. 1985 онд бага дэслэгч цол аваад Оросод Аюулаас хамгаалахын академид суралцаад 1991 онд төгсөж ирсэн. Тэнд орос, англи хэл сурсан маань насны минь хоол болсон доо.1991-1993 онд Дарханд ажиллаж байгаад Италийн Трест хотод 1993-1995 онд бизнесийн магистрт сурч байхдаа итали хэл сурснаа ашиглахгүй явсаар 17 жилийн дараа 2012 онд Г.Сэрээнэндорж даргатайгаа Герман, Италиар дайран Парист болсон UIC-н чуулганд оролцохоор Ром, Милан, Венецээр явахдаа тэр сонсголонтой сайхан хэлээр ярих завшаан гарч билээ. Хүнд сурсан эрдэм илүүддэггүй гэж тэр л дээ. 1996-2000 онд Зүүнхараа, Дарханд ажиллаж байгаад 2000 онд “Элит металл” гэх компани байгуулж, өөрөө гагнуурчин хүртэл хийж үзлээ /инээв/. Тэгээд 2006 онд УБТЗ-д ороод 2025 оны нэгдүгээр сарын 31-нээр дуусгавар болгон 18 жил дөрвөн сар ажиллаад тэтгэвэрт гарлаа даа. Төрд нийтдээ 40 жил дөрвөн сар ажилласан байна.

 

-Тэс өөр салбарын хүн яаж яваад төмөр замчдын эгнээнд элсчихэв?

 

-2006 онд Дэлхий яруу найрагчдын XXVI их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор болсон юм. Тэр хурлын гол зохион байгуулагч нь “Дэлхийн соёл яруу найргийн академи”-ийн Ерөнхийлөгч, “Чингис” хааны одонт манай нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай байсан юм. Энэ их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монголд авчирсан хүн. Нэг өдөр дипломатч, зохиолч Л.Хуушаан гуайтай таарсан чинь “Дэлхийн яруу найрагчдын их хурал болох гэж байгаа. Ах нь гадаад харилцааны талын ажлыг нь хариуцаж байна. Чи хэлтэй хүн хүрч ирж туслаач” гэлээ. Би ч дуртайяа очсон. Тэгэхэд Л.Хуушаан гуай намайг ямар ажил төрөл хийж байгааг асуухад нь онц хийсэн зүйлгүй гэхэд “Чам шиг орос, англи, итали хэлтэй хүн ингэж явж болохгүй. Төмөр зам гэж сайхан айл бий. Орос-Монголын хамтарсан байгууллагад чам шиг орос хэлтэй хүн хэрэгтэй. Төмөр замын Сугардулам гэж сайн орчуулагч тэтгэвэртээ гарах гэж байгаа сураг байсан. Чи тийшээ очиж уулз” гэлээ. Би оюутан байхдаа галт тэргээр зөндөө л нааш цаашаа явж, төмөр замын оюутан найз нөхөдтэй байсан хэрнээ л төмөр замыг ёстой сонирхож байсангүй. Төмөр замчин болно гэж зүүдлээ ч үгүй явсан үе. Тэгээд Дэлхийн яруу найрагчдын хурлын дараа УБТЗ-д ирж уулзахад “Манай туршлагатай нэг орчуулагч ирэх жил тэтгэвэрт гарна. Гадаад харилцааны албанд орчуулагч авах гэж байгаа” гэв. Тэр үед шинэ ажилтнаа туршлагатай ажилтнаа дагалдуулж бэлтгэдэг байсан. Тэгээд би Сугардулам эгчийг жил гаруй дагалдаж орчуулга хийгээд жинхэлж байв. Намайг ажилд ороход Замын дарга В.Магдей агсан байсан. Би төмөр замд ажиллаж байхдаа Замын нэг орос дарга, дөрвөн орос нэгдүгээр орлогч даргын нүүр ийм үг хэлнэ гээд цаас өгөөд байдаг. Гэтэл харааны ой буюу “зрительская память”, сонсголын ой буюу “слуховая память” хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй ойлголт. үзлээ шүү дээ. Замын нэгдүгээр орлогч дарга Финарис Гусманович Ахкямов /татар хүн байсан/, Игорь Андреевич Домборовский /Красноярскийн хүн/, Александр Вениаминович Ушаков /Өмнөд Уралын төмөр замаас ирсэн хүн/, хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сар хүртэл Дорнод Сибирийн төмөр замаас ирсэн Игорь Васильевич Милостных даргын орчуулагчаар ажиллаж байлаа. Би УБТЗ-д 2006 оноос хойш 18 жил ажиллахдаа орос дарга нарынхаа буянаар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх гээд Монгол Улсын Ерөнхийлөгч нартай гар барьж, есөн Ерөнхий сайд, Зам тээврийн 12 сайд, В.Магдей, В.Отгондэмбэрэл, Т.Очирхүү, Г.Сэрээнэндорж, Л.Пүрэвбаатар, Д.Жигжиднямаа, Х.Хэрлэн гээд Замын долоон дарга, таван нэгдүгээр орлогч даргад шадарлан орчуулга хийж явжээ. 2007 оноос 2024 он хүртэл тасралтгүй Ерөнхий хорооны орчуулагчаар ажиллахдаа манай төмөр замын Оросын талын акционер болох “РЖД” НХН ийн Ерөнхийлөгч В.И.Якунин, одоогийн “РЖД” -ийн Ерөнхий захирал ноён О.В.Белозорёв нар болон манай Ерөнхий хорооны дарга ОХУ ын Холбооны төмөр замын агентлагийн дарга асан Г.П.Петраков, “РЖД” НХН-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч В.Н.Морозов, А.А.Краснощёк, “РЖД” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С.Мишарин, С.А.Павлов нарын орчуулагчаар ажиллах хувь завшаан ахад нь тохиосонд баярлаж явдаг даа. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “РЖД” -ийн Ерөнхийлөгч В.И.Якунин уулзахад хүртэл орчуулж явлаа. Манай Ерөнхий хорооны гишүүн Буяндэлгэр гэж мундаг эгчийн дэргэд орчуулга хийхдээ мөн их айдаг байж билээ. Ингэж бодвол их хугацаа өнгөрсөн шиг санагдаж байна /инээв/.

 

-Төмөр замд орчуулагчаар ажиллаж эхлэхэд танд бэрхшээл хэр тохиолдож байв?

 

-Мэргэжлийн үг хэллэгийг огт мэддэггүй. Ямар сайндаа, үзлэгээр явж байхдаа Ч.Цогтбаяр даргыг гол зам гээд ярихаар нь “основной путь” гэж орчуулаад нэг хэсэгтээ “Основной путь” гэдэг хочтой явлаа. Главный путь гэж орчуулах ёстой байсан юм билээ. Иймэрхүү бэрхшээл зөндөө гарнаа. ТАД, Дохиоллын журам, Сэлгээний журам зэрэг мэргэжлийн ном товхимол л аминд орно шүү дээ. Жишээ нь “ниших татах”, “цахилгаан очир”, замын дээд тогтоцын материал гээд л монголоороо ч ойлгохгүй үг хэллэг зөндөө. Төмөр замд 18 жил ажилласан хэрнээ л сурсаар байгаад төгсөрч амжилгүй л тэтгэвэртээ гарлаа даа. Орчуулагч нарт бэлтгэл чухал. Орчуулганд орохоосоо өмнө маш сайн бэлтгэх хэрэгтэй. Их уншиж, мэдлэгээ байнга дээшлүүлж байх хэрэгтэй. Тал бүрийн өргөн мэдлэгтэй байж л сайн орчуулна шүү дээ.

 

-Синхрон орчуулга хийнэ гэдэг орчуулагчаас өндөр ур чадвар шаарддаг санагддаг?

 

-Оюутан байхад сургуульд маань оросоос англи хэл рүү, англиас орос хэл рүү синхрон орчуулга хийхийг заасан. Тэгж синхрон орчуулга хийж сурсан л даа. Үүнээс гадна бага байхад аав минь надад шүлэг их цээжлүүлдэг байлаа. Би гуравдугаар ангид байхдаа радиогоор морины цол дууддаг хүүхэд байв. Багаасаа шүлэг их цээжилж байсны ачаар хүний яриаг гялс тогтоож авдаг минь синхрон орчуулга хийхэд их дөхөм болдог байх. Хүмүүс орчуулагч нарт энэ хүн ийм үг хэлнэ гээд цаас өгөөд байдаг. Гэтэл харааны ой буюу “зрительская память”, сонсголын ой буюу “слуховая память” хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй ойлголт.

 

-Зарим орчуулагч хүний хэлж байгааг цаасан дээр тэмдэглэж аваад орчуулж байгаа харагддаг. Таныг би үзэг цаас барьж явахыг ер хараагүй?

 

-Хүний сонсголын ой, харааны ой гэдэг хоёр тусдаа чадвар гэж миний яриад байгаа маань тэр. Миний хувьд хүний яриаг сонсоод тогтоож аваад шууд орчуулдаг. Харин цаасан дээр байгаа зүйлийг бичиж орчуулах нь надад амар санагддаг. Орчуулагчтай ярьж үзээгүй дарга нар орчуулах зай өгөхгүй үргэлжлүүлээд яриад байдаг нь хүндрэлтэй төдийгүй давхардсан яриа сонсогчдод хүрэлгүй илтгэгч маань өөрийгөө буруу ойлгуулах сул талтай. Тэгэхээр өөрийнхөө хэлж буй үгийг сонсож байгаа хүмүүст ойлгомжтой хүргэхийн тулд орчуулах зайг авч байх хэрэгтэй л дээ. Би ч зарим хүнд та орчуулах зайтай яриарай гээд өмнө нь сануулдаг. Зарим хүн эмоциороо үргэлжлүүлээд ярьчихдаг. Тиймэрхүү хүндрэл тохиолддог л доо. Орчуулагч зөвхөн хүний хэлсэн үгийг орчуулахаас гадна дарга нарынхаа имижийг бүрдүүлдэг гэдгээ ухамсарлах ёстой. Даргынхаа үгийг ойлгомжтой орчуулаад өгвөл сонсож байгаа хүмүүс нь тэр хүнийг зөвөөр хүлээж авдаг. Орчуулагч тааруу орчуулбал магадгүй тэр даргын талаар танхим өөр сэтгэгдэлтэй үлдэх магадлалтай. Хүмүүст удирдагчаа зөв ойлгуулж, танилцуулах ажлыг орчуулагч л хийдэг. Нөгөө талд нь, ажлаа танилцуулж байгаа хамт олны ажил үйлсийг ойлгомжтой танилцуулбал дарга тухайн хамт олны талаар зөв ойлголт авч өөрийн үнэлэлт дүгнэлтээ хийгээд гарна.

 

-Та дээр орчуулагч нарт бэлтгэл чухал гэсэн. Орчуулагч ямар бэлтгэлийг хангасан байх ёстой вэ?

 

-Надад маргааш тийм хурал зөвлөгөөнтэй, эсвэл Чойр явна шүү гэвэл би урд өдөр нь тэр талаар холбогдолтой зүйлсийг заавал уншиж судалдаг. Маргааш өглөө 06.00 цагт явах байсан ч урд шөнө нь заавал Чойрын түүх, газар нутгийн онцлог, хүн амын тоо, засаг захиргааны нэгж, удирдлага, тухайн нутагт оросуудтай холбоотой ямар түүх, дурсгал байна гэх мэт зүйлсийг уншиж судлаад бүх талын мэдээллийг замдаа даргадаа хэлж өгөхийг хичээдэг. Жишээ нь, аймгийн Засаг дарга нь тийм хүн байдаг. Тийм намын хүн гэх мэтээр албан ажлаас гадна улс орон, монголчуудын ёс заншил, өв уламжлал, сэтгэлгээний онцлог зэргийг ойлгуулахыг зорьдог. Оросууд надтай хамт явах дуртай байдаг нь иймэрхүү янз бүрийн өргөн мэдээллээр хангаж өгдөг болохоор тэр байх. Түүнээс юм асуувал хариулчихаад л бусад үед нь дуугүй яваад байж болохгүй. Сайн орчуулагч гэдэг чинь даргынхаа шадар туслагч төдийгүй зөвлөх нь юм шүү дээ.

 

-Хүн бүрийн зан ааш, сонирхдог зүйлс, үзэл бодол, хандлага нь ч өөр. Орчуулагчийн хувьд хүн болгоны онцлогийг мэдэрч харилцах шаардлага тулгардаг байх даа?

 

-Тийм шүү. Орос Монгол хоёр улсын нийгмийн тогтолцоо өөр өөрийн онцлогтой. Монголчуудын үзэл баримтлал, хандлагыг аль болох зөв тайлбарлаж ойлгуулахыг хичээнэ. Жишээ нь, И.А.Домбровский даргын үед зарим байгууллагын ҮЭ-ийн дарга нар ширүүхэн асуудал тавина. Орос дарга нарын ҮЭ-ийн байгууллагын талаарх ойлголт өөр. Манайх харьцангуй ардчилсан тогтолцоотой. Тийм үед “Та ҮЭ ийн байгууллагад хүндэтгэлтэй хандаарай. ҮЭ-тэйгээ ойлголцож, хамтарч ажиллах хэрэгтэй” гэх мэтээр зөвлөх үе гарна шүү дээ. Мөн монголчуудынхаа ахуй соёл, ёс уламжлалыг тайлбарлаж ойлгуулахыг хичээнэ. Та Монголд ажиллаж амьдарч байгаа учраас цагаан сарын баяраар монгол дээл өмсөөд хөөрөгтэй хүмүүстэй золговол зүгээр шүү. Ёс уламжлалд нь хүндэтгэлтэй хандах нь хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлнэ гэх мэтээр тайлбарлана. Тийм болохоор Замын I орлогч дарга нар Цагаан сараар бүгд л монгол дээлээр гоёдог байсан шүү. Хөөрөг авахдаа Л.Халтар даргаас их зөвлөгөө авдаг байсныг нь тодхон санаж байна. И.В.Милостных дарга наадмаар Монголчууд морь уядгийг хараад нэг даага худалдаж аваад уяачаар уяулж, наадмаар очиж уралдахыг нь харна. Хажууд нь зургаа авхуулна. Өвөл болохоор өвс тэжээлийнх нь мөнгийг уяачид нь өгдөг байсан. Өөрт нь ямар ч ашиггүй зүйл шүү дээ. Ард түмний соёл уламжлалд хүндэтгэлтэй хандаж буйгаа л харуулж буй том жишээ юм даа. Тиймдээ энэ дарга маань Монголын хоёр аймгийн хүндэт иргэн хос одонтой болтлоо Монголчуудад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн хүн шүү дээ. Түүний цаана нэг хоёр монгол хүн ашигтай, орлоготой болж байгаа хэрэг. Тэр хүртэл тайлбарлаж, хүний сэтгэлийн утсыг хөглөнө, хөдөлгөнө гэдэг орчуулагчийн л авьяас чадвар шүү дээ /инээв/. Энэ мэтээр орос хүмүүсийг монголчуудын ахуй соёлтой танилцуулах, ойртуулахыг хичээдэг дээ.

 

-Таны хувьд хамгийн их ойлголцдог дарга хэн байв?

 

-Бүгдтэй нь сайхан ойлголцдог байсан. Хамгийн удаан хамтарч ажилласан хоёр даргыгаа буцахад ном бичиж амжсан. И.А.Домбровский даргад “Агуу түүхийн оронд”, И.В.Милостных даргад “Сүхбаатарын одонтой орос буюу зургаан жилийн нөр их хөдөлмөр” гэдэг ном орос хэл дээр бичсэн. Яаж танилцсанаасаа эхлээд хэрхэн ажиллаж байсан талаарх дурсамжийн ном л доо. Ажиглаад байхад шинээр ирсэн орос дарга эхний жилээ төмөр замтайгаа, төр захиргааны байгууллага, аймаг орон нутгийн захиргаатай танилцана. Манай хууль эрх зүйн байдалтай танилцаж байтал дуусдаг. Хоёр дахь жилээсээ жинхэнэ ажиллаад гурав дахь жилдээ хийсэн ажлынхаа үр дүнг эхнээс нь үзэж байтал буцах цаг нь болдог юм шиг санагддаг. Зургаан жил болсон дарга нар хамаагүй их зүйлийг хийж бүтээж амжсан байдаг. Мөн дотно сайхан нөхөрлөж байсан хүн гэвэл РЖД-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга асан том В.Н.Морозов дарга маань юм даа. Тэр хүн түүх соёл их сонирхоно. Би түүнд тэр талын мэдээллийг их дэлгэрэнгүй хүргэхийг хичээдэг байсан. Монголын түүх соёлын талаар ярьж өгнө. Засгийн газар руу уулзалтад орохоор явах замд нь уулзах хүнийх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. В.Н.Морозов дарга “Та олон талын өргөн мэдлэгтэй хүн байна. Надад ийм хүмүүс таалагддаг” гэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Ер нь, надад их сайн ханддаг байсан. Нэг удаа Замын II ангийн ажилтай танилцаж яваад Ж.Борхүү (Одоогийн Замын аж ахуйн албаны орлогч дарга) даргыг МИИТ (Москвагийн Зам харилцааны их сургууль) төгссөн гэхэд нь “Чи сайн ажиллаж байна. Чамайг сургуулийн чинь 200 жилийн ойд урьж байна” гэв. Монголд болсон нэг Ерөнхий хорооны хурлын дараа “Том” Морозов дарга орос мэргэжилтнүүдтэйгээ хийсэн хүлээн авалт дээр МИИТ төгсөөгүй төмөр замын мэргэжилгүй намайг ч сургуулийнхаа 200 жилийн ойд урьж, А.В.Ушаков даргад “Баярмагнайд томилолт өгч явуул” гээд надад “Чи бол миний хувийн зочин” хэмээн нөхөрсөгөөр далыг минь алгадаж, хундага шарз тулгаж байсан. Морозов дарга тийм л энгийн хэрнээ агуу хүн дээ. Би өөрт нь зориулан “Оросын төмөр замын аварга халим” гэдэг шүлэг хүртэл бичиж байлаа. Тэр шүлэг өөрт нь их таалагдсан юмдаг. ... Кит он кит Кит Российских железных дорог. Много ли таких китов В мировых океанах железных дорог... гэж бичсэн санагдана. МИИТ-ийн ойд очиход тусгайлан нэг өдөр өөрөө хүлээн авч надад газарчлах хүн /Слупихина Екатерина гэдэг/ томилж, тусад нь микроавтобус гаргаж өгч билээ. Тэгэхэд нь би хамт очсон дарга нараасаа их л санаа зовж байсан юмдаг. Тусдаа хөтөлбөртэй “Гудок” сонины редакцид зочилж байв. 2016 оны аравдугаар сард “Гудок” дээр миний зураг хөрөгтэй нийтлэл, мөн шүлэг маань гарсан байсан. Нэг өдөр Д.Нарантуяа (Гадаад харилцааны албаны дарга асан) дарга “Чамтай Вадим Николаевич ярья гэж байна” гэв. Ярьтал Вадим Николаевич “Чиний тухай “Гудок” сонинд гарсан байна. Шүлэг чинь хэвлэгдэж. Тун давгүй гарчээ. Үүнийг л чамд хэлэх гээд залгаж байна. Чи уншаад үзээрэй” гэж билээ. “РЖД” НХН-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга над руу өөрөө утасдаж “Гудок” сонинд гарсныг минь хэлнэ гэдэг нь тэр хүний соёл, том хүндлэл юм даа гэж бодогдсон. Би ер нь, Монголд ирсэн орос дарга нартаа Монголын тухай орос хэл дээр хэвлэгдсэн ном бэлэглэдэг. Тэд миний бэлэглэсэн номыг уншаад эргээд надтай яриа өрнүүлнэ. Албан бус нөхөрсөг ярианы сэдэв тэгж гарч ирнэ шүү дээ. Монголынхоо түүхийг тэдэнд тайлбарлаж өгнө. Оросод явж байхдаа Монголын тухай бичсэн орос номнуудыг аваад онгоцонд авч явахад ачааны жин хэтэрчих гээд байдаг болохоор нь тухайн үед Москвад сууж байсан төлөөлөгч Б.Галсандорж (Гадаад харилцааны албаны дарга)-оор дамжуулан номоо галт тэргээр явуулдаг байлаа. Энд ирэхэд нь Жийгээ даргад (Замын дарга асан Д.Жигжиднямаа) ийм ном авчирлаа гээд хоёулаа орос дарга нарт хамт гардуулж өгдөг байж билээ. Их гүрний иргэдэд Монголчууд танайхыг эзэлж байлаа гээд бураад байвал “Энэ нөхөр Оросын эсрэг үзэлтэн” гэж ойлгоно. Түүний оронд өөрсдийнх нь бичсэн номыг бэлэглээд Монгол ийм агуу түүхтэй улс шүү гэдгийг зугуухан ой тойнд нь суулгаж өгч байгаа хэрэг юм л даа. Оросын вангууд цагтаа Дэлхийн нийслэл явсан Хархуром хотод ирж Монголын хаанаас улсаа захирах зөвшөөрөл буюу зарлигийг авдаг байж. Оросууд “Зарлиг” гэж хэлж чадахгүй “Ярлык” гэдэг байж. “Ярлык” гэдэг үгний үүсэл нь зарлиг юм билээ. Сайн номноос л тэд Монголын талаар арай өөр ойлголтыг авна шүү дээ. Биеэрээ хийж чадахгүйг ухаанаараа хийх боломжийг ном олгодог гэдэг дээ.

 

-Ном гэснээс та хэд хэдэн ном гаргасан. Орос хэл дээр шүлэг бичдэг шүү дээ?

 

-Бүр Дарханд байхдаа “Цахиур хагалах нас” шүлгийн ном, сүүлд “Хүн чанарын үнэр” гэж ном гаргахдаа ард нь орос хэл дээр бичсэн шүлгүүдээ оруулсан юм.

 

-Та Хууль зүйн албаны дарга асан Яковенко Елена Рудольфовнад зориулж орос хэл дээр шүлэг бичсэн нь дуу болж, дуучин Б.Амархүү дуулсан санагдана?

 

-Аан “Прекрасная Елена” юу. Монгол яруу найрагч шүлгийг нь бичиж, монгол хөгжмийн зохиолч ая хийгээд, монгол дуучин дуулсан өөр орос дуу байдаг эсэхийг мэдэхгүй байна. Соёл Эрдэнийн Том Жагаа аяыг нь хийгээд, дуучин Борхүүгийн Амархүү дуулсан нэг дуу бий бий.

 

-Ингэхэд та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

 

-Миний аав яруу найрагч хүн. Тиймээс бага байхаас надад шүлэг их цээжлүүлдэг байсан нь нөлөөлсөн байх. Гуравдугаар ангиасаа сумынхаа урлаг соёлын арга хэмжээг хөтөлдөг байлаа. Бас аавд оросын жанжидын тухай ном их байдаг байсан. Түүнийг багаасаа уншиж өссөн. Тэгэхээр шүлэг яруу найрагт дуртай болсон минь, цэргийн хүн болсон минь, хэл сурахад минь ч аавын нөлөө их байсан гэж боддог. Аавын минь аав, миний өвөө Бэгз гэж хүн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумынхаа анхны хүний эмч хүн байсан. Ээж минь Завхан аймгийн Яруу сумын хүн. Ганжуур тайжийн бага хүүгийн том охин. Тайж удмын эмэгтэй дээ.

 

-Та бас хүүгээ төмөр замчин болоход нөлөөлсөн л байх даа?

 

-Тэгсэн. Хүү маань 11, 12 дугаар ангиа Энэтхэгийн Банглор хотод сурч төгссөн. Хүүг лицейгээ Энэтхэгт төгсөх жилийн наймдугаар сард ерөнхий хорооны хурал болсон юм. Тэгэхэд Ерөнхий хорооны Петроков даргад “Хүү маань Энэтхэгт сурдаг англи хэлтэй. Орос хэл мэдэхгүй. Гэхдээ би хүүгээ төмөр замын сургуульд сургамаар байна” гэхэд “Ямар ч асуудалгүй” гээд шийдэж өгч билээ. Би ч Д.Нарантуяа даргынхаа зөвлөснөөр “ямааны мах халуун дээрээ” гэдэг шиг өргөдлөө онгоцон дотор бичээд Т.Очирхүү дарга, И.А.Домборовский дарга хоёроор гарын үсэг зуруулж, зөвшөөрлөө авсан даа. Хүүгээ төмөр замчин болгох минь ингэж бүтсэн.

 

-Хүүгээ төгсөж ирэхэд таны нөмөр нөөлөг байсан уу?

 

-Хүүг төгсөөд ирэхэд нь А.В.Ушаков дарга хүүгээ жинхэнэ төмөр замчин болгомоор байвал “Ажлыг хамгийн багаас нь эхлүүлээд бүх шатанд ажиллуул. Тэгж байж л жинхэнэ төмөр замчин болно. Намтар нь зөв бүрдэнэ” гэж зөвлөсөн. Хүүгийн ажлын гараа Толгойт өртөөнд туслах найруулагчаар эхэлсэн. Ямар сайндаа ээж нь “Чи том даргын орчуулагч байж хүүдээ анхаараач. Өвлийн хүйтэнд хөлдөж үхэх нь, эсгий гуталтай бөөн хар хөө тортог, нүүрс болсон хүн явах юм” гэж үглэдэг байв. Дараа жил нь найруулагч боллоо. Би “Хүү тушаал дэвшээд найруулагч болсон байгаа биз дээ” гэхэд эхнэр “Хн,эсгийтэй гутал, нүүрснээсээ салаагүй л байх чинь билээ” гэж билээ. Харин И.В.Милостных дарга ирээд “Залуу хүнийг ийм ажил удаан хийлгэж болохгүй. Зүрх нь үхээд ажлаа хаячихна. Би хүүг чинь зөрлөгийн жижүүр болголоо” гээд эхлээд Эмээлтэд дараа нь Давааны зөрлөгт тавьж байлаа. Өөрөө жамаараа явж байгаад л Толгойтын үндсэн жижүүр, дараа нь Д.Жигжиднямаа даргын нарийн бичиг болсон доо. Жийгээ дарга хүүг маань МИИТ-д сурч байхдаа Оюутны зөвлөлийн дарга байхыг нь мэддэг байсан болохоор Толгойтод жижүүр байхад нь өөрийнхөө туслах, нарийн бичгээр авсан юм билээ. Тэр болтол миний хүү гэдгийг нь мэддэггүй байж. Өргөдлийг нь уншаад “Овог чинь Баярмагнай гэж байх чинь чи хөдөлгөөнчин хүний хүү юм уу? Улаанбаатар өртөөний дарга “Улаан” Баярмагнай гуайн хүү юу” гэж асуусан гэдэг. Би эрэгтэй хүүхэд нарийн бичгийн дарга хийхэд нь дуртай байгаагүй. Харин И.А.Милостных дарга тушаал шийдвэр төлөвлөж сурна зүгээр. Хүүгээ даргын курст сурч байна л гэж бод” гэсэн. Түүнээс хойш хүүгийн талаар огт анзаарахаа больсон. “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан” хүн болох биз л гэж боддог. Хүн зөв явбал үйлс нь аяндаа бүтнэ дээ. Сайншанд өртөөний орлогч дарга, Чойр өртөөний дарга, одоо Улаанбаатар өртөөний даргаар ажиллаж байна даа. Төмөр замын талаар анх ямар ч төсөөлөлгүй орж ирсэн би энэ сайхан хамт олон дунд олон сайхан дурсамжтай он жилүүдийг үдлээ. Хүүгээ удам залгаж төмөр замчин болгоод тэтгэвэртээ гарлаа даа. Хүн өөрөө өөрийнхөө замыг засаж, өөрийгөө тунхаглан, хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг чинь том омогшил шүү дээ.

 

-Сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тантай ярилцаж суухдаа би таны өөрийгөө гэхээс илүү “Монголоо тунхаглах” гэсэн сэтгэл зүтгэлийг биширлээ. Танд аз жаргал хүсье.

 

Б.Гүнжинлхам 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

7 сэтгэгдэл байна.

Зочин 1 жилийн өмнө
Сайхан ярилцлага болсон байна.Баярмагнайдаа баяр хүргэе.
Зочин 1 жилийн өмнө
Ymar saihan dursamjtai hvn we tanid sain saihan bvhniig hvsie manai bairni ah
Зочин 1 жилийн өмнө
Ymar saihan dursamjtai hvn we tanid sain saihan bvhniig hvsie manai bairni ah
Зочин 1 жилийн өмнө
Ангийн андуудынхаа бахархал, тэр ч атугай Монгол-ОХУ, олон улсын хэмжээнд яригдаж ирсэн том хүн шүү, сайхан найздаа цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.
Зочин 1 жилийн өмнө
Бахархаж бна?
Зочин 1 жилийн өмнө
Нагац ахынхаа тухай сайхан дурсамж уншлаа.Баярллаа.
Зочин 1 жилийн өмнө
Ай сайхаан?