Z үеийнхэн 1995-2015 оны хооронд төрсөн хүүхэд, залуус. Тэднийг эцэг эхийн, эмээ өвөөгийн, ах эгчийн халуун дулаан хайр халамжийг хамгийн их мэдэрсэн үеийнхэн хэмээн тодотгожээ. Энэ үеийг эрхлүүлж, амьдралын жаргалаа авдаггүй, эдэлдэггүй айл өрх, гэр бүл байхгүй болов уу. Учир нь тэд бидний хүүхэд, ач зээ, ачинцар зээнцэр. Заримынх нь хайртай дүү нар нь.
Z үеийнхний аав ээж, эмээ өвөөгийнх нь танилцсан, хайраа илчилсэн түүхүүд үргэлж чихэнд сонсголонтой, хэд ч сонссон уйдамгүй сайхан байдаг. Чухам тэр үеийн хосуудын хайр сэтгэл хэзээд үл эвдрэм цайз хэрэм мэт бат бөх, гал халуун байсан ч юм шиг. Аз жаргалын дааврыг ялгаруулан болзож, жинхэнэ хайраа олдог. Тэгвэл Z үеийнхэн үдшийн болзоонд явж, хамтдаа бүжиг сурах найз залуутай болохыг хүсдэг. Гэхдээ ийн романтик харилцаа хүсэж буй шалтгаан нь хайр сэтгэл гэхээс илүүтэй “ТикТок”-ийн дагагчдадаа сонирхолтой пост хүргэх хүсэл нь давамгайлдаг. Хосын контент илүү олон хүнд хүрдэг. Хэн нэгэн тантай холбоотой пост оруулснаар таныг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Z үеийнхний хувьд төсөөлөл, бодит байдал ихээхэн өөрчлөгдөж, найз залуу эсвэл бүсгүйтэй байна гэдэг нь хэн нэгэн чамайг сонирхдог, хүсдэг гэсэн мессэжийг сошиал медиад байгаа хүмүүст төрүүлэхийг чухалчилдаг болжээ. Болзооны мэргэжилтнүүд, шинэ үеийнхний хэлж буйгаар үерхлийн ой, түүнийг тэмдэглэсэн чамин тансаг влогууд, хосын асуулт хариулт гээд энэ бүх зүйл онлайнд гоё харагдах зорилгыг л агуулдаг хэмээжээ. Тэд утсаа алдвал 40 хоног шаналах, одоогийн муу муухайд санаа зовох зүйлгүй амьдарч байна.
Хэсэг хугацаанд хүнтэй үерхэж, сүй тавьж, гэрлэснээ фэйсбүүкт зарладаг үе улирч видео оруулдаг сошиал платформын хэрэглээ нэмэгдэж, инфлюнсерүүдийн соёл дэлгэрсэн нь “Хосын зорилго” хэмээх зүйлийг хэзээ хэзээнээс илүү анхаарлын төвд аваачсан гэжээ. Тодруулбал, “ТикТок”-ийн инфлюнсер хосууд "Зөвхөн чамд" гэсэн агуулгатай контент түгээдэг пэйжүүдийг ардаа орхиж, оронд нь хосоороо хийж болох бичлэг, чалленж, трэндүүдийг жинхэнэ утгаар нь вайрел болгожээ. Z үеийнхэн танихгүй хүмүүсийн дунд ч вайрел болохын тулд пост оруулдаг. Зохиомжилсон байлаа ч видео контент илүү үнэмшилтэй санагддаг. Инфлюнсерүүд бидэнтэй л адилхан шүү гэж хүмүүс боддог. Тиймээс залуучууд тэднийг дуурайж, гоё сайхан зүйлсээ бусдад харуулахыг хүсдэг.
Хэдэн жилийн өмнө фэйсбүүкийн таймлайн (timeline) дээрээ ямар нэгэн шинэчлэл хийвэл шинэ ажилд орсон, хүнтэй үерхэж эхэлсэн гэх мэт ихэвчлэн таньдаг, найз нөхөд хүмүүсээс лайк "цуглуулдаг" байсан. Тэгвэл энэ нь Z үеийнхний зорилго биш гэнэ. Тэд танихгүй хүмүүсийн дунд ч вайрел болохын тулд пост оруулдаг болжээ.
Учир нь түүний найз залуу эсвэл охин нь “ТикТок” дээр хосын хаяг нээхийг хүсэхгүй байдал нь шууд хаягдсан мэдрэмжийг төрүүлэх аж. Харилцаагаа бусадтай хуваалцаж, зарлахыг хүсдэг зүйлсийнх нь нэг. Харин сошиал медиад зөвхөн л өөрийнхөө амьдралыг яаж харуулах тухай бодол эргэлдэнэ. Хэрэв болзож байгаа бол тэр хүн миний түүхийн нэг хэсэг гэсэн үг. Z үеийнхэн харилцааны статусаа шинэчлэх, хостойгоо авахуулсан зургаа оруулахаас илүү “Инстаграм”, “ТикТок” зэрэг олон платформд хүний анхаарал татсан, романтик бичлэгүүд тавих сонирхолтой болжээ. Z үеийнхэн тодорхой хэмжээгээр вайрел болохыг л хүсдэг. Тэд хүний анхаарлаас ашиг орлого олдог нийгэмд амьдарч байна. Бүгд л баян болохыг мөрөөддөг. Дагагчаа нэмэх хамгийн бодитой арга зам нь инстаграмд хосын хаягтай болох нь тэдний мөрөөдөл. Гэхдээ “ТикТок”-ийн бичлэг, “Инстаграм”-ын пост олон лайк цуглуулахын хэрээр залуучууд харилцааныхаа талаар үргэлжлүүлэн хуваалцахаас өөр аргагүйд хүрдэг байна. Чи нэгэнт эхэлсэн бол үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр л байх болно. Хүмүүс чамайг хос гэдэг өнцгөөр харж эхэлнэ. Чиний тухай өчүүхэн жижиг зүйлийг ч олж мэдэхийг хичээж эхэлдэг.
Романтик харилцааныхаа талаар анх постолж эхэлсэн үетэйгээ харьцуулахад тэд одоо илүү их дарамт, шахалт мэдэрдэг болсон. “Хардаа, бид одоо ч гоё байна, хэзээ ч маргалдаж байгаагүй, бүх зүйл төгс байна” гэх маягийн "төгс" хосын дүр зургийг бүтээх шаардлагатай нүүр тулдаг. Энэ үеийнхэн болзож эхэлснийхээ жилийн ойг тэмдэглэж, наран шарлагын газар руу зугаалгаар явахаар боллоо гэхэд хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхээр болсондоо догдолж байгаа ч тэр өдөр яаж өнгөрөх бол гэхээсээ илүү тэдний болзоо онлайнд яаж харагдах бол гэдэгт илүү санаа зовж байгаа нь “толгой өвчин” гэлтэй.
Бялуу, сарнай, төрөл бүрийн амттан, даруулга өрсөн тавиур гээд л Инстаграмдаа оруулах хосын төгс мөчийг л толгойдоо төсөөлчихнө. Түүний сонгосон наран шарлагын газар дажгүй байсан ч төсөөлсөн шиг байгаагүй. Харагдах байдал нь түүний хүлээлтэд хүрээгүй болохоор урам хугарна. Гоё харагдахад л гол анхаарлаа хандуулж байсан учраас хайрын болзоо хэрхэн өнгөрснийг бараг санадаггүй нь харамсмаар ч юм шиг. Төгс харилцаа ийм л байх ёстой гэсэн сонин жишгийг сошиал медиа бий болгочихжээ.
Бодит амьдрал дээр романтик харилцаа яаж өрнөдөг тухай залуучуудын ойлголтыг онлайн орчин тэр чигт нь өөрчилсөн. Харилцааны гол утга учир юу болохыг ойлгох чадваргүй болоод байна. Хүмүүс одоо төгс инстаграмын хамтрагч хайдаг болсон. Хүмүүст таалагдахаас нааш цагийг сайхан өнгөрүүлэх боломжгүй болжээ гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Z үеийнхний ихэнх хувь нь өсвөр насандаа болзож үзээгүй гэдгийг нэгэн судалгааны хүрээлэн онцолсон байна. Азийн орнуудад ч энэ асуудал бий. Тухайлбал, Өмнөд Солонгосчуудын гэрлэх сонирхол нь буурснаас гадна зарим нь бүр болзохоос ч татгалзах болжээ. Насанд хүрсэн буюу 20-44 насны арван хүн тутмын гурав нь л болздог. 30-34 насны эрэгтэйчүүдийн 31, 35-39 насныхны 14 хувь нь л болздог болохыг БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан хүрээлэнгийнхэн гаргажээ. Эрчүүдийн хувьд, болзох эсэх нь орлогоос нь шууд хамааралтай. Ажил хийдэг, тогтмол орлоготой хүмүүс илүү болзох хандлагатай. Ямар ч орлогогүй эрчүүдийн хувьд болзох мартагдсан сэдэвт тооцогдоно. Харин эмэгтэйчүүдийн хувьд байдал өөр. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүдийн 21 хувь нь орлогогүй ч болздог гэдгээ нуугаагүй байна.
П.Түмээ
