Өчигдөр Улаанбаатар татах хэсэгт Цахилгаан хөдөлгүүрийн цехийн нээлтийн ёслол боллоо. Түүхэндээ 10 хөдөлмөрийн баатар, 13 гавьяат тээвэрчин төрүүлж, анхны социалист хөдөлмөрийн бригад зэрэг улс орон даяар түгэн дэлгэрсэн эх оронч хөдөлгөөнүүдийг санаачлан өрнүүлж, улс орныхоо хөгжлийн хүчирхэг зүтгүүр болж ирсэн тус татах хэсгийн хамт олон хүсэн хүлээсэн засварын цехээ хүлээж авснаар УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засварын баазыг өргөжүүлж, техник технологийн шинэчлэл хийхэд том алхам хийлээ.
Цахилгаан хөдөлгүүрийн цехийн нээлтийн ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа гол байгууллагын нэг УБТЗ ХНН өнөөдөр Цахилгаан хөдөлгүүрийн цехийг барьж байгуулан, ашиглалтад оруулснаар жил бүр гадагшаа урсдаг байсан найман тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валютыг дотооддоо авч үлдэх боломжийг бүрдүүлж байна. Дэлхийн геополитикийн асуудал хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар хоёр хөрш оронтойгоо нягт холбоотой байж, УБТЗ ХНН-ийг үйл ажиллагааг үргэлж дэмжих болно” гэв.
УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн "УБТЗ ХНН нь саяхныг хүртэл илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрийг ОХУ болон БНХАУ руу илгээн засварлуулдаг байсан. Үүний улмаас зүтгүүрүүд засвараас удаан хугацаанд гарахгүй саатах, их хэмжээний валют гадаад руу урсдаг байсан. Төмөр замын тээврийн хэмжээ өсөхийн хэрээр зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн их засварын ажил жилээс жилд өсөн нэмэгдэх боллоо. Өнөөдрийн байдлаар том оврын 180 татах цахилгаан хөдөлгүүрийн гүйлт хэтэрсэн бөгөөд зайлшгүй засварлах шаардлагатай боловч тээвэрт ашиглагдсаар байна. 2025 онд илчит тэрэгний цахилгаан хөдөлгүүрийн засварт 5.2 тэрбум төгрөг, 2026 оны эхний улиралд 855.4 сая төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл энэ цахилгаан хөдөлгүүрийн цехийг ашиглалтад оруулж, татах цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болсноор гадаадад явуулж хийдэг өндөр үнэтэй засварын зардлыг бууруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөл боломж улам дээшлэх болно" гэв.
Энэ цехэд шаардлагатай 30 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2025-2026 онд худалдан авч суурилуулснаар Улаанбаатар татах хэсэгт урд өмнө нь хийж байгаагүй засвар, үйлчилгээг дотооддоо хийх техник, технологийн шинэ боломж бүрдэж байна. Шинэ цех ашиглалтад орсноор УБТЗ ХНН-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй 143 илчит тэрэгний нийт 10017 ширхэг татах цахилгаан хөдөлгүүр, генераторуудад заводын түвшний их засвар хийх хүчин чадалтай болж байна.
Цахилгаан хөдөлгүүрийн цехийг барьж ашиглалтад оруулахын тулд 2025 онд барилга байгууламжийг барих, тоног төхөөрөмжүүдийг худалдан авч суурилуулахад 9.3, 2026 онд 3.5 тэрбум, нийтдээ 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтыг 4.9 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэсэн санхүү, эдийн засгийн тооцоолол гарчээ.
Улаанбаатар татах хэсгийн Цахилгаан машины цехийн хамт олон 2026 онд 42 мотор, 18 якорь, 24 илчит тэргэнд их засвар хийхээр төлөвлөн ажиллаж байна. Шинээр ашиглалтад орж байгаа Цахилгаан хөдөлгүүрийн цехэд энэ онд 24 татах цахилгаан хөдөлгүүрийг засварлахаар ажлаа эхлүүлээд байгаа ажээ. Цаашид засварлах цахилгаан хөдөлгүүрийн тоо жил бүр үе шаттайгаар нэмэгдэх нь тодорхой юм.
Тус цехэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхийн тулд БНХАУ-д ажилтнуудаа мэргэжлийн сургалтад үе шаттай хамруулж эхэлжээ. Эхний ээлжийн найман засварчин сургалтаа гүйцээж, шинэ ажлын байрандаа ажиллаж эхлээд байна.
