ЗТЯ-ны “Их нүүдэл” хурлын танхимд өнгөрөгч сарын 19-нд “Бага насны хүүхдийн цогц хөгжилд аавын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сонирхолтой сургалт болсон билээ.
Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв хамтран бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх сургалт 21 аймагт зохион байгуулагдаж дуусаад Улаанбаатар хотод нээлтээ хийж буй нь энэ юм. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Ган зам”, “Солонго” цэцэрлэгт хүүхэд нь хүмүүждэг 160 гаруй аав оролцож, хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх арга ухаанаас суралцав.
Сургалтын нээлтэд Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн С.Өлзийсайхан, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн захирал, Монгол Улсын гавьяат багш А.Нармандах нар оролцож, айл гэрийн аз жаргалын нар болсон, улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахаар нэг өдрийнхөө ажлыг хойш тавин цаг зав гарган ирсэн залуу аавуудад баяр хүргэж, мөн талархлаа илэрхийллээ.
Мөн энэ өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн захирал, Монгол Улсын гавьяат багш А.Нармандах «Бага насны хүүхдийн тархины хөгжил”, тус төвийн сургалтын менежер, Монгол Улсын гавьяат багш А.Нарангэрэл “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог”, Хүүхдийн секторын харьяа “Бамбар” цэцэрлэгийн эрхлэгч, сургагч багш Т.Мөнхтуяа “Та сайн аав мөн” сэдвээр лекц уншиж, аав нарт хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих арга туршлагыг заалаа.
Хүүхдийн хөгжил эхийн хэвлийд ураг бүрэлдэхээс эхэлж, 0-5 хүртэлх насанд тархины хөгжлийн 90 хувь нь явагддаг байна. Тиймээс хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол бол нэн чухлаар тавигддаг аж. Дэлхийн олон эрдэмтэн судлаачдын маш олон жилийн судалгааны үр дүнд бага насны хүүхдийн хөгжилд аавуудын нөлөө асар их байдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл, аавууд хүүхдийн бие даах чадварыг суулгах, өөртөө итгэх, эр зоригтой байх, нийгэмших зэрэгт өөрөөрөө үлгэрлэдэг байна. Тиймээс гэр бүл, үр хүүхдэдээ аавууд өдөр тутам цаг гаргаж тэдэнтэйгээ тоглох, аялах, амрах, спортоор хичээллэх, ном уншиж өгөх зэргээр дор хаяж 30 минутыг гаргаж байвал хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг аж. Гэтэл бодит байдал дээр аавууд завгүй хөдөлмөрлөж, мөнгө олж хүүхдүүддээ идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орон байр, сурах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх нь ирээдүйд нь оруулж буй том хөрөнгө оруулалт, үүгээрээ хүүхдийнхээ хөгжлийг дэмжиж байна гэж боддог. Тийм ч учраас хамт байх цаг зав хомс, хүүхдэдээ үзүүлэх хайр халамжийг материаллаг зүйлээр хэмждэг. Гэтэл аав нь хүүхэдтэйгээ хамт байх цаг хугацааг юугаар ч орлуулах боломжгүй аж. Аавын хүүхдийн хөгжил, хүмүүжилд үзүүлэх нөлөө нь ээжээс хамгаагүй илүү байдаг аж.
Эл өдөр “Ган зам” цэцэрлэгийн бяцхан багачууд аав нартаа ая дууны мэндчилгээ дэвшүүлж, аавууд ч хүүхдүүдийнхээ зурсан өөрийн хөргийг олох, хүүхдийнхээ талаар хэр сайн мэддэг аав бэ гэсэн тест өгч, сургалтад тун идэвхтэй оролцлоо. Сургалтын эцэст аавууд багш нарт талархлаа илэрхийлж, сургалт маш сонирхолтой, үр өгөөжтэй боллоо хэмээн дүгнэлээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв” хамтран эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага гаргаснаа мөн тараалаа.
Ийнхүү энэ удаагийн сургалтад хамрагдсан аавууд хүүхдүүдийнхээ ертөнц рүү өнгийж, тэр ертөнцөд өөрийгөө ямар их үүрэгтэй ч мэдэж авцгаасан бизээ. Санаагаар болдогсон бол Монголын бүхий л залуу аавуудыг ууган хүүхдээ өлгийдөж авахаас нь өмнө энэ сургалтад бүгдийг нь суулгавал маш их үр дүн гарна даа. Эцэст нь, Монголын ирээдүйг авч явах иргэд оюуны өндөр хөгжилтэй, бие бялдарын хувьд өв тэгш иргэн болж төлөвшвөл улсын минь ирээдүй гэрэл гэгээтэй байх нь дамжиггүй.
Улсын үндэс гэр бүл. Гэр бүлийн гэрэл гэгээ хүүхдүүд билээ. Монголын үрс маш олон болтугай!
